ШӨХТГ-аар овоглогдох болсон О.Магнай өчигдөр ажлаа өгөхөө мэдэгдсэн. Түүний ажлаа өгөх болсон шалтгаан маш энгийн зүйл. Учир нь 2008 оны 7 сарын нэгний аймшигт хэргийг өдөөн турхирсан хэргээр Ганц худагт саатуулагдан шалгагдаж байх үедээ бие нь гэнэт муудаж насилкан дээр 1 дүгээр эмнэлэгт хүргэгдэж ирсэнийхээ дараахан АН-ын ивээлд багтан албан тушаал горилсон гэгддэг түүний хувьд Иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн тэргүүнүүдийн нэг гэдэг “сайхан” нэрээ мөчийн дотор баллуурдаж орхиод 2012 оны сонгуулийн дараа ШӨХТГ хэмээх бялууг зооглож “тайтгарсан”. Харин түүнд бялуу хүртээсэн ерөнхий сайд Алтанхуягийн Шинэчлэлийн засгийн газар унаж, шинээр байгуулагдсан Сайханбилэгийн Шийдлийн засгийн газарт дэд сайдын суудалд хүчтэй яригдаж байсан ч суудал горилсон горьдлого нь талаар өнгөрсөнд ийнхүү албаа өгч байна хэмээн ярих нэгэн ч байна. Түүний хувьд Иргэний хөдөлгөөний идэвхитэй гишүүдийн нэг байсан төдийгүй хамтрагч нар нь Их хурал хэмээх зөөлөн сэнтийд залраад ихэвчлэн дуугүй байгаа гэгддэг ч эргээд нэгдэн нам байгуулж байгаад элсэн орж МАН-АН гэсэн засгийн эсрэг дахин тэмцэхээр болсон сурагтай. Иргэний хөдөлгөөний гэгдсэн Магнайн нөхдөөс нь эдүгээ УИХ-д бие дааж нэг гишүүн /С.Ганбаатар/, МҮАН-аас нэг /Г.Уянга/, АН-аас Ж.Батзандан гэсэн гурван ч нөхөр нь бий. Харин өнгөрөгч намар давхар дээлээ тайлж энгийн гишүүн болсон Женко Х.Баттулга АН дотор нилээд хүчтэй бөгөөд тэрээр бие даагч гишүүд болон Иргэний хөдөлгөөнөөс угшилтай нөхдийг нэгтгэн С.Ганбаатараар толгойлуулсан Монгол хүний төлөө хэмээх нэгэн шинэ нам байгуулахтай холбогдуулан О.Магнайг ажлаа өгсөн гэх мэдээлэл ч бас цацагдаж эхэллээ. ШӨХТГ О.Магнайн хэлсэнээр ерөнхий сайдын шууд хараат байгууллага, энэ байгууллагын дарга байхад надад зарчимын 2 асуудал саад болж байна гэсэн билээ. Энэ асуудлын нэгдүгээрт Сайханбилэг сайдын засгийн газрыг хуйвалдааны засгийн газар, хоёрдугаарт шадар сайд У.Хүрэлсүхтэй хамтарч ажиллаж чадахгүй хэмээн тайлбарласан. Жиргээний ертөнцөөр бие биенээ чичилсэн Магнай Хүрэлсүх хоёрын хувийн амбицаас илүү улс орны эрх ашиг чухал гэдгийг өнөөдрийн Монголын нилээдгүй томд тооцогдох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга ойлгоогүй л яваа юм байна. Үнэндээ 2 сая гаруйхан хүн амтай Монгол улсад улс төрийг бохирдуулдаг, шинэ нам байгуулдаг "хууль" газар авсаар. Зуун ямаанд жаран ухна гэгчээр нэг бол хавар, намрын улстөрийн синдром хэмээн Иргэний хөдөлгөөнүүд жагсдаг. Жагсаад буруудаад ирэхээрээ аль эрх дархтай байгаа намын нөмөр нөөлгийг барааддаг, тэгээд болоогүй ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчийн үлгэрийг бодит зүйл болгон алба хуваахаар, өөрсдийн эрх ашгийг дээдлэн суудал булаалдан тэмцэлддэг зарчим хэзээ үгүй болох бол хэмээн хүлээсэн олон иргэдийнхээ итгэлийг хөсөр орхин шинэ нам руу зүтгэж байна хэмээн Магнайг хэлэхэд нэг их буруудах зүйл үгүй л болов уу. Шинэчлэлийн засгийн газрыг нуран унасанаас хойш нилээдгүй хөзөр дэлгэсэн Магнай даргад Шийдлийн засгийн газартай хамтарч ажиллаж болохгүй шалтгаан зөвхөн дээрх 2 зүйлээр тайлбарлагдах уу? Энэ асуултанд Магнай дарга хариулт өгөх цаг хэзээ бол?
Сэтгэгдэл (6)