Мохаммед Али эмнэлэгт хэвтлээ

Боксын спортын домогт тамирчин Мохаммед Али бямба гарагт уушгины үрэвслээ эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтсэн байна. Энэхүү мэдэгдлийг түүний хэвлэлийн төлөөлөгч Боб Ганнелл хийжээ. Түүний хэлснээр, Алигийн биеийн байдал хэвийн бөгөөд богино хугацаанд эмчлүүлээд эмнэлгээс гарах гэнэ.

”Паркинсоны өвчнөөр өвчилсөн хүн бүр байнгын эмчийн хяналтанд байдаг. Энэ удаад Алигийн гэр бүл түүний хувийн нууцыг хүндэтгэхийг хүссэн” гэж хэвлэлийн төлөөлөгч нь хэлсэн юм. 

Мэргэжлийн боксын хүнд жингийн бүх цаг үеийн хамгийн агуу боксчин гэж олон нийтэд үнэлэгддэг тамирчин Кассиус Клей буюу Мохамед Али нь 18 насандаа Олимпийн алтан медаль хүртэж байсан юм.  1964 онд хүнд жингийн дэлхийн аваргын тэмцээнд ялалт байгуулсны дараа исламын шашин шүтэж, нэрээ Мухаммед Али болгосон гэж тамирчны хувийн цахим хуудсанд бичсэн байдаг билээ. Али 1981 онд зодог тайлсан бөгөөд үүнээс гурван жилийн дараа буюу 1984 онд Паркинсоны өвчнөөр оношлогджээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.