УИХ дахь Бие даагчдын зөвлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Ерөнхий сайдын мэдээллийг харахад хумьж танах юм яриад эхэллээ. Уг нь МАН-тай хамтраад улс орноо хөгжүүлнэ гэсэн. Гэтэл яамдын тоогоо нэмээд, дэд сайд нараа нэмээд явчих юм. Тэгсэн мөртлөө ард түмний карма руу ороод эхэллээ. Одоо бүр хүүхдийн мөнгөнөөс эхлээд эхчүүдийн мөнгө рүү орж байна. Үүнийг бид дэмжихгүй. Энэ шийдлийн Засгийн газар мөн үү. Шийдлийн гэж нэр зүүчихээд хэлсэн ярьснаасаа буцаад байгааг нь эртхэн хэлье” хэмээн нэлээд шүүмжилсэн юм.
Түүнчлэн “Ойн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг бол маш чухал баримт бичиг. Ойтой сумын иргэд энэ дээр гол анхаарлаа хандуулж өгөөч гэдэг зүйлийг ярьж байна. Говийн бүсийнхэн, хотод төрж өссөн хүмүүс ойлгохгүй байх. Хуучин бид модны унанги хаягдлыг хүнээс асуухгүйгээр өөрсдөө ороод цэвэрлээд түлдэг байсан. Одоо эрх мэдэлтэй хүмүүс нь хоршоо нөхөрлөл байгуулаад малчин, уулын мухарт байгаа хүмүүст зардаг болж эхэлсэн. Тэгэхээр хөдөө яаж хүн тогтох юм бэ. Ер нь шинэ Засгийн газрын бас нэг муу тал нь малчдын эсрэг бодлого явуулж эхэлж байна. Арьс шир, ноос ноолуурны урамшуулал олгохгүй. Малын хөлийн татварыг дөнгөж саяхан буцаасан. Энэ Засгийн газар ярьсныхаа бүгдийн эсрэг явсан. Засгийн газарт орохгүй гэснээ орсон, Ч.Сайханбилэгтэй хамтарсан, давхар дэээл өмссөн, яамдын тоо, дэд сайдыг нэмсэн, өрийн таацыг нэмэгдүүлсэн, одоо малын хөлийн татвар тавьж эхэллээ. Итгэхийн аргагүй болж эхэлж байна. Хасна, танана гэдгийг дэмжихгүй” гэлээ.