Алба хаагчид цол нэмлээ

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатарын тушаалаар өнөөдөр зарим албан хаагчид цол нэмлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 41 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн цол олгох журам”,  Яамны Төрийн албаны зөвлөлийн салбарын зөвлөлийн 2014 оны 06 дугаар хуралдааны дүгнэлтийг үндэслэн Батлан хамгаалах яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн хошууч М.Пунсалмаа, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн менежер хошууч Э.Нацагдорж, Батлан хамгаалахын их сургуулийн “Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийн сургалтын төвийн дарга, сургалт хариуцсан офицер хошууч Ж.Лхагвасүрэн, Цэргийн инженерийн сургуулийн Авто инженерийн тэнхимийн багш хошууч Г.Ариунболд нарт албан тушаалын зэрэглэлийн дэд хурандаа цол олгожээ.  Мөн энэ цолыг Гадаад хэлний төвийн дарга хошууч Ч.Нямсүрэн, Эрдэм шинжилгээ, доктор, магистрын сургалтын албаны доктрантурын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч Б.Хандсүрэн, ОХУ-ын Санкт-Петербург хотын Материал, техникийн хангалтын академид суралцагч хошууч Н.Чинзориг нарт мөн олгосон байна.

Харин Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн ахмад Н.Эрдэнэбаяр, Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан ахмад Б.Нэргүй нарыг албан тушаалын зэрэглэлийн хошууч цолоор, Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан ахлах дэслэгч Т.Сүхбаатарт ахмад цол, Батлан хамгаалахын их сургуулийн Гадаад хэлний сургалтын төвийн англи хэлний багш дэслэгч Т.Мөнхчимэг, Хэнтий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер дэслэгч О.Эрдэнэболд, Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер дэслэгч Б.Батбаяр нарт албан тушаалын зэрэглэлийн ахлах дэслэгч цол,  Цэргийн инженерийн сургуулийн автоинженерийн тэнхимийн дадлагын багш ахлах ахлагч Л.Ганбатад сургагч ахлагч  цолыг тус тус олгосон байна.

Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар “Шинэ оны босгон дээр цол нэмсэн та бүхэнд баяр хүргэе. Монгол цэргийн цол нь баклаврын 4 жил, магистрын 2.5 жил, доктор хамгаалах жилүүд шиг тодорхой дэс дараатай байдаг нь цол ямар эрхэм, үнэ цэнэтэй гэдгийг харуулдаг учиртай. Та бүхэн цолоороо бахархаж явах ёстой шүү” гэжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.