Ардын жүжигчин С.Сарантуяа, Н.Сувд нар Олон улсын театрын их хуралд оролцжээ

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Олон улсын театрын институтийн Монгол  дахь төвийн ерөнхийлөгч Ардын жүжигчин  С.Сарантуяа, тус төвийн Боловсролын хорооны тэргүүн Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд нар нь өнгөрсөн сарын 18-23-ны хооронд Армяны Ереван хотноо болсон Олон улсын театрын институтийн 34 дүгээр Их хуралд урилгаар оролцоод иржээ. 

Тус хурал нь  “Шинэ дуу хоолой, шинэ үйл ажиллагаа, бидний ярих цаг” уриан дор 47 орны төлөөлөгчид оролцож, өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлын тайлан, ололт, дутагдал зэргийг хэлэлцжээ. Мөн өнөөдөр дэлхий нийтийн уран бүтээлчдийн өмнө тулгарч буй бэрхшээлтэй асуудлууд  болох Олон улсын театрын институтийн гишүүн орнуудын хамтын ажиллагааг яаж чиглүүлэхтэй холбогдсон уран бүтээлчийн бүтээн туурвих эрхийг тодотгосон хуультай байх. Олон улсын театрын институтийн гишүүн орны уран бүтээлчид хамтын үйл ажиллагаанд зорчиход визний асуудлыг нэгдсэн системд оруулж шийдэх, залуу уран бүтээлчийг дэмжиж, тэднийг мэргэшүүлэн боловсруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг /сургалт, семинари, фестиваль/ нэгдсэн нэг сүлжээнд оруулах зэрэг олон асуудлыг хэлэлцсэн байна. 

Олон улсын театрын институтийн гишүүн орнуудын алсын зорилгын нэг нь хамтын ажиллагааны үндсэн дээр  театрын институтээр дамжуулан өөрийн орны хөгжил, тэр дундаа урлаг соёлыг дэлхий нийтэд таниулж түгээн дэлгэрүүлэх байдаг. Хурлын явцад хороодуудын ажил идэвхитэй болж өнгөрчээ. Олон улсын театрын институтийн Монгол дахь төвийн Боловсролын хорооны тэргүүн Н.Сувд нь Азийн урлагийн Их дээд сургуулиудын хүрээнд /Театр ба театрын боловсрол дахь шинэ урсгал/ сэдэвт фестиваль семинарыг 2016 онд Монголд хийх төслийг тус хорооны хурлаар батлуулж төлөвлөгөөнд оруулсан байна.  Мөн ерөнхийлөгч С.Сарантуяа нь  УДЭТ-тай хамтран зохион байгуулдаг “Гэгээн Муза” ба “Театр-хүүхэд ирээдүй” олон улсын наадмыг  Олон улсын  фестивалийн форумд видео болон зурагт хэлбэрээр  танилцуулан хэлэлцүүлж, албан ёсоор Олон улсын наадмын бүртгэлд оруулсан амжилттай ирлээ. Үүнээс гадна Олон улсын театрын институтээс жил бүр эрхлэн гаргадаг “Дэлхийн Театр-2014” эмхэтгэл номонд манай УДЭТ-ын 2014 онд хийгдсэн онцлох уран бүтээлүүдийн талаар хэвлэгджээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)