Байгаль дэлхий, хүн зоны төлөө хариу нэхэлгүй сайн үйлс бүтээж яваа баатрууд ард түмний дунд олон бий. Гэхдээ тэд танигддаггүй, өөрсдийгөө олонд таниулах гэж хичээдэггүй. Учир нь тэдэнд гавьяа шагнал хэрэггүй, бусдад тусалсан сайхан сэтгэлийн үр, баярлалаа гэсэн үг л хэрэгтэй.
“Иргэдээ өмөөрч бичнэ” уриатай “Зууны мэдээ” сонин, “Таны төлөө” уриатай “ТВ-9” телевиз хамтран төрд үнэлэгдээгүй ч түмэн олондоо баатар болсон сайн үйлстнүүдийг тодруулдаг “Энэ цагийн эгэл баатар” арга хэмжээг уламжлал ёсоор зохион байгууллаа.
Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд 2013 онд нэр дэвшсэн 26 нэр дэвшигч, 2014 онд нэр нь ирсэн 30 хүн нэр дэвшлээ. Тэднээс шүүгчдийн зөвлөлөөс хамгийн олон санал авсан гурван хүн “Энэ цагийн эгэл баатар” гэсэн эрхэм хүндтэй шагналын эзэн боллоо.
Энэ жилийн шалгаруулалтад тэргүүлсэн гурван баатар тун онцлогтой. Учир нь тэдний хоёр нь балчир биендээ багтамгүй их ухаан, эр зориг, авьяас чадалтай охид байсан юм. Шатаж буй байшингаас ой хагастайгаас эхлээд зургаан нас хүртэлх найман дүүгээ аварч гаргасан есөн настай Нэргүйн Азжаргал охин, өөрийнхөө санаачлагаар хандивын тоглолт зохион байгуулж, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийг тохижуулсан Цэрэндондовын Ухаанзаяа охин, Улаанчулуутын хогийн цэг дээр амьдардаг 200 орчим хүүхдийг харж хандан, цэцэрлэг сургуультай болгосон Алгаагийн Баасандорж хэмээх залуу энэ цагийн эгэл баатрууд болов.
“Монголын хэвлэл мэдээлэл, тэр дундаа “ТВ-9” телевиз, “Зууны мэдээ” сонин эрин цаг үеийнхээ түүхийг мөнхлөн үлдээдэг байгууллага. Энд ажиллаж байгаа сэтгүүлчид энэ үйл хэргийн төлөө явдаг. Нийгмийн саарал муу зүйлийг шахан зайлуулж, сайн сайхныг дэмжин түгээх үүргийг бид хүлээдэг. Монголын нийт гурван сая хүний дотрыг өнгийн харвал гурван сая өөр ертөнц бий. Тэр хүмүүсийн дунд гайхамшигтай хүмүүс зөндөө. Хэдэн арав, зуу, мянгаараа бий. Тэд гудамжинд алхаж байхдаа танигдахгүй, гэхдээ үйл хэргээрээ үргэлж түүхийг бичиж байдаг. Нэр дэвшсэн 50 гаруй хүн бүгд гайхалтай үйлсийг бүтээсэн байдаг. Тэдэн дундаас шилдэг гурвыг шалгаруулахад шүүгчдэд тун хүнд байсан болов уу” гэж “ТВ-9” телевизийн гүйцэтгэх захирал Т.Баасансүрэн хэллээ. Харин “Зууны мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр энэ жилийн шалгаруулалтад гурван залуу хүн шалгарч, тэр дундаа хүүхдүүд хариу нэхээгүй сайн үйлс хийж, тэр гавьяа нь ард түмэндээ үнэлэгдэж байгаад тун баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Н.Азжаргал: 22-ЫН ТОВЧООНООС НАМАЙГ ИРЖ АВААД ЭМЧИЛСЭН ХҮМҮҮСТ БАЯРЛАЛАА
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат Нэргүйн Азжаргал. 2014 оны наймдугаар сарын 9-нд санамсаргүй үйлдлээс болж гал алдаж, өөрийн хоёр дүү, эгчийн нэг хүүхэд, ах дүү нарынхаа таван хүүхэдтэй есүүлээ галд өртөж, амь эрсдэх аюулд орсон. Хоолой нь боогдож нүд нь хорсож байсан ч утаан дунд сүүмийх гэрлийг чиглэж, цонхыг хажууд нь байсан алхаар хагалжээ. Цонхыг хагалтал утаа гал болон дүрэлзжээ. Н.Азжаргал нэг насаар бага дүүгээ түрүүлж гаргаад араас нь дүү нараа гаргажээ. Ингэж байхдаа өөрөө 40 хувийн түлэгдэл авч хотод ирж эмч нар болон сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар бие нь сайжирсан юм. Одоо сар бүр эмчдээ үзүүлдэг аж. Гэхдээ гүн сорвитой үлдэхээр байгаа гэнэ. Охины арьс ямар ч хөрсгүй болсон учир хүйтэнд хөлдөх аюултай гэсэн тул сургуульд нь байнга хүргэж өгч авдаг болсон гэдгийг ээж нь хэлж байв. Жаахан биедээ баймгүй авхаалж гаргаж, найман дүүгийнхээ эрдэнэт амийг аварсан Н.Азжаргал охин шагналаа гардаж авсныхаа дараа сэтгэгдлийг нь асуусан хөтлөгчийн үгэнд “22-ын товчооноос намайг ирж аваад эмчлүүлж өгсөн хүмүүст баярлалаа” гэсэн үгээр хариулсан юм. Охины ээж Л.Долгорсүрэн “Эцэг, эхийнхээ хэний ч хийж чадаагүй их үйлсийг бүтээсэнд маш их баярлаж байна. Охин маань сургуулийнхаа тэргүүний сурагч. Миний охин тусч, хүнлэг, сайн хүмүүжилтэй хүүхэд. Энэ жилийн “Эгэл баатар” болж байгаад охиноороо бахархаад барахгүй нь. Охиныг маань хүнд байхад маш олон хүн туслаж, дэмжсэн. Мөн гадаадад ажиллаж, амьдардаг монголчууд хандив, тусламж үзүүлсэнд одоо хэр нь талархаж явдаг. Есөн настай охин найман дүүгээ галаас аварсанд одоо ч гэсэн итгэдэггүй юм. Охиныг минь эрүүл саруул болтол эмчилж өгсөн бүх эмч нартаа баярлалаа гэсэн үгийг чин сэтгэлээсээ хэлэх байна. Анх миний охиныг “Эгэл баатар” болсон гэдгийг Хүдэр сумын Засаг дарга бидэнд хэлсэн. Мөн хот руу явах зардал 100 мянган төгрөгийг бидэнд өгсөн. Бидэнд байнга туслаж, дэмжиж байдаг сум орон нутгийнхандаа баярлалаа” гэдэг үгийг дамжуулсан юм.
А.Баасандорж: АМЬДДАА БИЕ БИЕЭ ХАЙРЛААРАЙ
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны иргэн А.Баасандорж. Төр түмнээс тусгаарлагдсан Улаанчулуутын хогийн цэгээр овоглогдох олон хүүхдэд ирээдүйдээ итгэх итгэлийг бэлэглэж, иргэн хүн болж төлөвшихөд нь мэдлэг оюун хүч хөдөлмөрөө зориулсан. Тэнд 200 гаруй хүүхэд хог түүж амьдардаг. Тэдэнд зориулсан сургалтын төвийг нээж, найм дахь жилдээ ажиллаж байна. 120 хүүхдийн цэцэрлэг байгуулж өнөөдөр тус цэцэрлэгт 80 орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсрол, 40-өөд хүүхэд сургуулийн боловсрол эзэмшиж байна. А.Баасандорж бусдын дэмжлэгээр олон хүнийг хогийн цэгээс холдуулж, 28 хүнийг гэртэй болгожээ. Мөн хоёр хүүхдийг Дархан хотод их сургуульд суралцуулж байна. Түүний шагналыг гардуулахад МУГЖ И.Одончимэг хүрэлцэн ирсэн байв. Тэрээр “Бусдын төлөө, хүүхдүүдийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан энэ залууд энэ шагнал ирж байгаад өөрийнхөө зүгээс үнэхээр баяртай байна” гэв.
“Амьддаа бие биеэ хайрла гэж сайхан шүлэг байдаг. Яг л энэ шүлэг шиг хүмүүс бие биеэ хайрлаасай. Энэ дэлхийд хүнээс илүү зүйл үгүй” гэж А.Баасандорж шагнал авах үеэрээ хэлсэн юм. Түүнчлэн “Би ийм шагнал авахдаа биш ард түмэндээ ийм хүмүүс, ийм хүүхдүүд амьдарч байгаа гэдгийг мэдээсэй гэж хүссэн. Тиймээс олон хүн нэгдэж, энэ хүүхдүүдэд туслаарай гэж уриалмаар байна. Мэдээж миний ард маш олон хүний дэмжлэг, туслалцаа бий. МУГЖ И.Одончимэгийн санаачлагаар хүүхдүүд маань сургалтын төвтэй болсон. Тэдний мөрөөдөл биелж байгаад би их баярласан. Манай хүүхдүүд намайг өвчтэй байхад мөнгө цуглуулж өгч байсан. Тэд үнэхээр сайхан сэтгэлтэй. Их баярлах байх даа” гэв.
Ц.Ухаанзаяа: ХЭЛЭХ ҮГ ОЛДОХГҮЙ БАЙНА, БАЯРЛАЛАА ГЭЖ ХЭЛЬЕ
Хэнтий аймгийн Лаборатори I сургуулийн наймдугаар ангийн сурагч Ц.Ухаанзаяа. Багаасаа бүжиглэж, дуулж өссөн авьяаслаг охин. Тэрээр өөрийн авьяасаар хоёр ч удаа хандивын тоглолт зохион байгуулж, асрамжийн 300 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй тоглолтоо үзүүлж байв. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хоёр сая 300 мянган төгрөгийн 16 орыг шинээр тавьж өгсөн. Мөн 300 мянган төгрөгийн тоглоом, тэргэнцэрийг эмнэлгийн төрөх тасагт бэлэглэжээ. Энэ бүх зардлыг тэрээр тоглолтын орлогоосоо гаргасан байна. Ээжийгээ төрөх үеэр төрөх эмнэлгийн орчинг хараад ийм шийдвэр гаргажээ. Томчуудаас гараагүй ухаан, сайхан сэтгэлийг гаргасан түүний энэ сайн үйлс яах аргагүй энэ шагналын эзэн болгожээ.
“Сэтгэл маш их хөдөлж байна. Хүндтэй, том шагнал авсан болохоор хэлэх үг олдохгүй байна. Өдий болтол намайг дэмжиж, тусалж байсан гэр бүлийнхэн болон ах эгч нартаа баярлалаа. Цаашид хүмүүнлэгийн сайн үйлсээ үргэлжлүүлэхийг хүсч байна. Дараа жилээс аав, ээжийнхээ төрсөн нутагт очиж тоглолтоо хийж, хүмүүст туслаж, хүмүүнлэгийн ажил хийнэ” гэж Ц.Ухаанзаяа охин ярив. Харин түүний ээж С.Буянхишиг “Миний охин гурван настайгаасаа эхлэн урлагт хөл тавьж эхэлсэн. Охиноо багаас нь урлагийн мэдрэмжтэй болгохын тулд цэцэрлэгт байхаас нь их анхаарсан. Би гурван хүү, нэг охинтой. Ухаанзаяа охин маань дуу дуулж, бүжиг бүжиглэж, хулсан хуур хөгжим тоглодог. Мөн зураг зурж, уран нугардаг. Охиноо олон төрлийн авьяастай болохоор тоглолт хийгээсэй гэж боддог байсан. Урлагийн тоглолт хийхийн зэрэгцээ хүмүүнлэгийн үйл хэрэгт идэвхтэй оролцуулахыг хүсдэг байлаа. Энэ санааг минь маш олон хүн дэмжсэн. Охиныг минь “Эгэл баатар” болоход олон хүний санаа, хүч хөдөлмөр байсан гэдгийг хэлэх хэрэгтэй” гэв.
Ийнхүү бусдын төлөө сэтгэл зүрхээ харамгүй зориулсан гурван баатар маань шагналаа гардаж авлаа. “Энэ цагийн эгэл баатар”-уудын цаашдын үйл хэрэг, ажил хөдөлмөр, хичээл сурлагад амжилт хүсч, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл (1)