Үргүй гэсэн оноштой хүмүүс үр шилжүүлэн суулгуулах болон тээгч эх хөлсөлж хүүхэдтэй болдог арга анагаах ухаанд хөгжиж байгаа билээ. Тэгвэл өдгөө энэ аргаар төрсөн 100 мянга гаруй хүн дэлхий дээр амьдарч байгаа юм байна. Харин манай улсын хувьд үр шилжүүлэн суулгуулж, үрийн зулай үнэрлэсэн 40 орчим гэр бүл байгаа аж. Мөн жилд дунджаар 5-10 тээгч эхэд үр шилжүүлэн суулгуулж, 10 орчим эрэгтэй эр бэлгийн эсийн донор болдог байна. Гэхдээ энэ нь зөвхөн “Баянгол” эмнэлэгт үйлчлүүлсэн хүмүүсийн тоо юм.
Тээгч эх хөлсөлдөг эсвэл эр, эм бэлгийн эсийн донор авдаг гэр бүлүүдийн тухайд нөхөр нь эр бэлгийн эсгүй, эхнэр нь хүүхэд тээж, төрүүлэх эрхтэн буюу /сав/ умай нь ямар нэгэн шалтгааны улмаас мэс заслаар авсан, эсвэл ховор тохиолдолд төрөлхийн умайгүй юм уу умайн хүнд хэлбэрийн гаж хөгжилтэй байдаг аж. Тиймээс эдгээр гэр бүлүүд өөрсдийн нөхцөл байдлаас хамааран дээрх хоёр аргын нэгийг нь сонгодог байна.
Баянгол эмнэлгийн тухайд тээгч эхэд 20-32 насны, дор хаяж нэг удаа төрсөн, өмнөх жирэмслэлтийн тээлт болон төрөх явцад ямар нэгэн хүндрэл гараагүй, эрүүл саруул, суурь өвчингүй, архи тамхи хэрэглэдэггүй, сэтгэцийн хувьд эрүүл байх ёстой гэх шаардлагыг тавьдаг аж. Мөн ДОХ, БЗХӨ-өөр урьд нь өвчлөөгүй байх ёстой хэмээж лабораторийн шинжилгээ хийдэг аж.
Харин эр бэлгийн эс үрийн шингэнд нь огт байхгүй эмгэгтэй эрчүүд эсийн донор авч үр хүүхэдтэй болох тохиолдол сүүлийн үед олширч буйг мэргэжилтнүүд онцолж байна. Тэдгээрийн тухайд төрсөн ах дүүгээсээ бэлгийн эс авах нь олонтаа бөгөөд огт танихгүй хүнийг сонгох нь ховор гэнэ. Тээгч эх болон эр, эм бэлгийн эсийн донортойгоо тухайн гэр бүлүүд гэрээ хийж харилцаагаа зохицуулдаг аж. Харин үр шилжүүлэн суулгах өртгийн тухайд 6-10 сая төгрөг зарцуулагддаж ажээ.
Дээрх аргууд нь хэдийгээр зарим гэр бүлд тулгамддаг үр хүүхэдтэй болох томоохон асуудлыг нь лабораторийн тусламжтайгаар шийдэж буй талархалтай хэрэг ч үүнд тавих төрийн хяналт үгүйлэгдэж байгаа юм. Тухайлбал, олон улсад ”Тээгч эхийн программ” болон тусгай хуулийн зохицуулалт байдаг бол манай улсад энэ талаар мөрдөх нэг ч стандарт, хууль байдаггүй билээ. Тиймээс янз бүрийн шалтгаанаар тээгч эх болох, гадаад руу хүүхдээ үрчлүүлэх, улмаар амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал мэр сэр байгааг мэргэжлийн байгууллагынхан онцолж байна.
Сэтгэгдэл (17)