МАН-аас сонгогдсон дэд сайдуудыг танилцуулж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар, ГХЯ-ны дэд сайд Н.Оюундарь, Эрүүл мэнд, спортын дэд сайд Ю.Атармаа, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар нар ирсэн юм. Харин Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн өнөө өглөө гадаад руу томилолтоор явсан учраас ирээгүй байна. Генсек Ж.Мөнхбат “дэд сайд болох хүсэлтэй 43 хүн байсан. Бүх хүмүүсийн хүсэлтийг нээлттэй хүлээж авсан. Аймаг, дүүргийн намын хороонд ажиллаж байгаа дөрвөн хүн нэрээ татсанаар 39 хүн ирж бид 12 шалгуурыг тавьсан. Тухайлбал, мэргэжлийн, дадлага туршлагатай байх, хууль бус зүйлд холбогдоогүй байх, салбартаа ажиллах чадвартай байх, өнгөрсөн хоёр жилд намынхаа үйл хэрэгт хэрхэн оролцож байсан зэрэг шалгуурыг тавьсан. Мөн нэг гол зарчим нь дэд сайдад өрсөлдөөд ялагдал хүлээсэн бол дараа, дараагийн ажил албан тушаал руу орох боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Энэ 39 хүнээс 28 нь дэд сайд болох хүсэлтээ ирүүлсэн. Аж үйлдвэрийн яаманд 11, Хүнс хөдөө аж ахуйн яаманд 9, Боловсролын яаманд 7, Нийгмийн хамгааллын яаманд 4, Эрүүл мэнд, спортын яаманд 2 хүн саналаа өгсөн. МАН дэд сайдаа шалгаруулахдаа намын дотоод ардчиллыг хангасан эрүүл уур амьсгалтай болсон. Мөн жендерийн асуудлыг барьсан” гэлээ. Дэд сайд болохыг хүсэгчид намдаа 100-500 сая төгрөгийн хандив өргөсөн гэх мэдээлэл гарч байсан. Энэ талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас тодруулахад “Энд мөнгө төлөөд байх тийм мундаг мөнгө төгрөгтэй хүн байхгүй. МАН хэзээ ч төрийн албан тушаалыг мөнгө төгрөгөөр үнэлж байгаагүй. Энэ удаад тийм зүйл болоогүй” гэлээ. Түүнчлэн зарим нэг хэвлэл мэдээлллийн хэрэгслээр мөнгө авсан гэх мэдээлэл гарсныг шалгуулж шүүх, цагдаагийн байгууллагад хандана гэв.