Сүүлийн үед тоонот гэрт толгой холбож сайхан амьдрал зохионо гэж нэг гэрт орчихоод төд удалгүй болж бүтэхгүй нь хэмээн хоёр тийшээ болдог дүр зураг газар авлаа.
Тэр ч байтугай гэрлээд хоёр cap болоод салсан ч гэр бүл бий аж.
Уг нь гэр бүлийн тогтвортой байдал улс орны хөгжлийг түргэтгэх учиртай. Гэтэл энэ цагийн амьдрал хэврэгшиж бие, биендээ итгэх итгэл нь алдарч хоёр тийш болон үр хүүхдээ өнчрүүлж буйг дээрх баримт гэрчилж байна. Гэр бүлийн салалт эцэстээ үр хүүхдийн хүмүүжилд нөлөөлж эргээд нийгэмд хар мөр тарьж байгааг эцэг эхчүүд төдийлөн ухаардаггүй. Тэд би л гэсэн сэтгэхүйн занганд орж, болж бүтэхгүй талаас нь харан амьдралын утга учрыг тайлж чадалгүй ойлголцохоосоо илүүтэйгээр хэрүүлээ урьтал болгодог.
Мэдээж хэрэг хэрүүлтэй амьдрал удаан үргэлжлэхгүй. Эцэг, эх нь таарахгүйгээс салаа л биз гэхэд цаана нь үр хүүхэд өнчирч, дутуу сэтгэлээр хорвоог туулна гэдэг тэдний хувьд хүндхэн даваа. Үнэндээ бие биенийгээ дутуу таньж амьдралаа холбосноос салалт нэмэгдэж байна гэх ч үүний цаана хөрөнгө мөнгөний асуудал бий. Нийгмээ дагаад гэр бүлийн харилцаа холдсоор байгааг гэр бүл судлаачид хэлж байгаа. Мөнгө гэж бодсоор бие биендээ тавих анхаарал суларч аажимдаа үл ойлголцолд хүргэж буй нь энэ цагийн хэврэг амьдралыг бий болгож байна.
Түүнчлэн энэ цагт гэр бүлийн салалтын бас нэг гол шалтгаан нь архи хэтрүүлэн хэрэглэх юм. Архи байнга хүртдэг гэр бүлийн хүүхдүүд сэтгэл санаа нь тэнэгэр амьдарна гэж үгүй. Эцэг, эхийн салалтаас болж сэтгэлийн дарамтад автан нүдэндээ гэрэлгүй хүүхдүүд амьдралын нугачаанд бэдэрч явна.
Гэр бүлийнхнийгээ дарамтлах, олон жил тусдаа амьдрах, өөр хүнтэй гэр бүлийн харьцаа тогтоох, бэлгийн харьцаа таарахгүйгээс үүдэн гэр бүл салалт нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд ярьж байна. Гэр бүл салалтаас болж хамгийн их хохирч буй нъ хүүхдүүд юм. Хамгийн гол нь гэр бүлийн салалт хүүхдүүдийн сэтгэлд гүнзгий цочроо өгч улмаар хэрэг төвөгт ороход нөлөөлдөг байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас гэр бүл салалтын байдалд судалгаа явуулжээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай улсын 1000 гэр бүл тутмын 100 нь гэр бүлээ цуцлуулсан болох нь уг судалгаагаанаас харагджээ. Гэр бүл салалт ихэвчлэн 30-45 насны хүмүүсийн дунд тохиолдож байгаа гэнэ. Түүнчлэн гэр бүлээ цуцлуулахаар ханддаг иргэд дээд тал нь гурван хүүхэдтэй байдаг байна. Тиймээс хүүхэд гэр бүл салалтын золиос болж байна гэж Улсын бүртгэлийн газрынхан онцолжээ. Гэр бүл салалтаас хохирсон хүүхдүүд сэтгэл санааны гутралд орж, элдэв гэмт хэрэгт өртөх магадлал өндөр байдаг гэсэн судалгааг гаргажээ.