МАХН-аас томилогдох дэд сайдуудын нэрс тодорчээ... харин бусад нь таамаг

Дөрвөн нам хамтран Шийдлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулж, сайд нараа томилж, ханцуй шамлан ажилдаа ороод байна. Гэвч намуудын хувьд чухал орон тоо болох дэд сайдын суудалд томилогдох хүмүүсээ өчигдрөөс эхлэн тодруулж эхэлжээ. Энэ удаад дэд сайдын суудал гэдэг амаргүй “боорцог” гэдгийг бататган ажлын туршлага бас намд эзлэх нөлөө зэрэг олон зүйлийн шаардлага нэр дэвшигчдэд тулгарч байгаа бололтой. МАН-аас долоон дэд сайдад 28 хүн өрсөлдсөн бол АН-ын хувьд аль болох хуучин дэд сайд нараа эргүүлэн томилуулах талаар тохиролцсон ч 30 гаруй хүний анкет намын удирдах зөвлөл хавиар эргэлдсэн сурагтай. Тэгвэл 3 дэд сайдын квоттой МАХН өчигдөр Гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулж хүмүүсийнхээ нэрийг тодруулжээ. Хуульзүйн дэд сайдаар Ц.Уугангэрэлийг хэвээр нь үлдээхээр тохиролцсон гэнэ. Харин Н.Энхбаярын туслах байсан Б.Тулга суудал сэлгэж, Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны дэдээр томилогдох бол Хөдөлмөрийн дэд сайдад З.Батбаярыг тодруулжээ. Тэрээр өмнө нь Усны газрын даргаар ажиллаж байсан, төрийн албаны туршлагатай нэгэн гэнэ.

Харин зарим сайтад мэдээлснээр дэд сайдын сунгаанд МАН-аас Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа, Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэр, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн, МАН-ын намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Хөрөнгийн биржийн захирал асан, Элчин сайд Хангайн хүү Алтай зэрэг нэлээдгүй танигдсан залуучуудын нэрс өнгөлж байна. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгш­баяр, “Глобал” удирдагч сангийн тэргүүн Б.От­гон­бат, ИХШХЕГ-ын дарга Д.Пүрэвдорж, Ж.Амарсанаа нарын нэр, МАХН-аас дэд сай­дад Ч.Чимидсүрэн дуулдаж байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.