Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй 838 нэрийн эмийн үйлдвэрлэлийг зогсоожээ

Мэргэжлийн хяналтын Улсын ерөнхий байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01/08 дугаар албан даалгавар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Эмийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд энэ оны 10 дугаар сард хяналт шалгалтыг хийсэн.
Шалгалтаар 22 эмийн үйлдвэрийн 838 нэрийн эмийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй эмийн үйлдвэрлэлийг түр хугацаагаар зогсоосон.
Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг даван туулах, хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр явуулж буй бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас Мэргэжлийн хяналтын байгууллагад өгсөн үүрэг чиглэлийн дагуу улсын байцаагчдын актын хэрэгжилтийг хойшлуулж, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцох болсныг дотоодын эмийн үйлдвэрийнхэнд мэдэгдлээ.
Дээрх хугацаанд эм, бүтээгдэхүүнээ улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг эрчимжүүлэн, өөрийн бүтээгдэхүүний чанарыг бүрэн хариуцаж ажиллахыг уулзалтад оролцосон эмийн үйлдвэрийн удирдлага, албан хаагчдад зөвлөлөө.
Мөн “Стандартын хэрэгжилтийг хангуулах тухай” Улсын ерөнхий байцаагчийн 2014 оны 07 сарын 21-ний өдрийн 01/08 дугаар албан даалгавар болон “Эм үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага” MNS 5524:2014 стандарт, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэн чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан эм үйлдвэрлэж байхыг анхааруулав.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.