БНХАУ-ын Хайнань мужид 23 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-14-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд 26 орны 184 оюуны спортын тамирчид харааны болон сонсголын ой тогтоолтоороо өрсөлдсөн байна.
Оюуны тамирчид 10 төрлөөр насанд хүрэгчид болон дунд насны ангилалд өрсөлдсөн байна. Монгол Улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 13 тамирчин дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцжээ.
Энэ жил манай баг тамирчид Германы багийг ялж, боломжит 60 медалийн 29-ийг нь хүртэж, II байрт орсон байна.
Тэмцээний гурав дахь өдөр буюу хамгийн сэтгэл догдлуулсан өрсөлдөөнтэй төрөл болох хурдны хөзрийн шагнал гардуулах үеэр Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооны Ерөнхийлөгч Тони БУЗАН манай тамирчин 16 настай Э.Энхмөнхийг өндөр үнэлжээ.
Тэрбээр “Дунд насанд өрсөлдөж буй энэ авьяастай монгол хүү насанд хүрэгчид болон нийт 183 тамирчныг ардаа орхиж түрүүлсэн нь энэ спорт үүсч хөгжсөнөөс хойш анх удаа болж байгаа үнэхээр гайхалтай үйл явдал юм. Хүний тархи нэг багц хөзрийг 30 секундээс бага хугацаанд цээжлэн алдаагүй хэлэх боломжгүй гэж байсан нейрологичдын буруу байжээ гэдгийг харууллаа. Баяр хүргэе!” хэмээсэн байна.
Сэтгэгдэл (1)