Түмний элчээр сонгогдон төрийн ордонд заларч суугаа эрхэм гишүүдийн унаа машинаа байрлуулах зогсоолын асуудал эдийн засгийн хямралтай давхцан хүндэрч эхэллээ. Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой саарал ордон маань сүүлийн үед ачааллаа даахаа больж өрөө тасалгаа зай багтаамж хүрэлцээ муутайн улмаас шинэ ордон баригдах сураг гараад сүрхий их удаж байна. их хурлын 76 гишүүд 76 туслах, 76 зөвлөх, 76 бие төлөөлөгчтэй бөгөөд ихэнх нь өөрийн том жижиг машинаараа ажилдаа ирнэ. Мөн яам агентлаг аймаг нийслэлийн дарга нар унаатайгаа орж гарах зөвшөөрөлтэй. Үүний хажуугаар төрийн ордоны хамгаалалтын албаны дарга цэрэг нар бүгд л машинтай гээд бодохоор гишүүдийн бухимдаж чиний миний зогсоол гэж хаяг тавьж тусгаарлах нь аргагүй бололтой. Тиймээс өнөө өглөө УИХ-ын гишүүдийн машины зогсоол баруун талынх нь хэмээх “дархан цаазат” зураг цахим ертөнцөөр шуугиан дэгдээсэн. Гэвч үдээс хойш зогсоолын үйл ажиллагааг хэвийн болголоо хэмээн тайлбар гарлаа. Гэтэл эрхэм 76-ийн 200 гаруй “дагуул”-аас гадна ордонд ажилладаг хурга дарга, ажилчдын машины зогсоолын асуудлын талаар яаж шийдэх талаар тодорхой шийдвэр гарсангүй. Эхний ээлжинд УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөх, ордны хамгаалалтын ажилтануудыг өөрийн унаагаар ажилдаа ирэхийг түр хориглосон шийдвэр гаргаж ард иргэдийнхээ амьдралд хөл нийлүүлэн алхахыг уриалвал ямар бол. Мөн Нийслэл хотын захиргааны “том, жижиг” дарга нарын ордны хашаанд машин тавих эрхийг хязгаарлаж 10 алхам газар биеийн эрүүл мэнддээ анхааран хөдөлгөөний дасгал хийхийг ч уриалахад болохгүй зүйлгүй. “Төрийн ордны зогсоолыг хэвийн ашиглаж эхлэв” гэсэн хүүхэд хуурах үлгэрээр түр зогсоох ч яамай. Хойшид энэ талаар холбогдох албаныхан анхаарах буй заа.
Сэтгэгдэл (1)