Чөлөөт бөхийн “Тулгат” клубыг үндэслэн байгуулагч, олон улсын хэмжээний мастер, нэрт дасгалжуулагч Н.Ганбаатарын нэрэмжит шилдэг багуудын цомын төлөө тэмцээн IҮ дэх удаагаа өнгөрөгч амралтын өдрүүдэд Спортын төв ордонд болж өнгөрлөө.
Тэмцээнд олон улсын хэмжээний мастер Н.Ганбаатар агсны эхнэр Ц.Түмэннасан, хүү Г.Ууганбаяр, охин Г.Уранчимэг, төрсөн эгч Н.Тунгалаг, дүү нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, Н.Энхтуяа, Н.Нарантуяа, шавь нар нь урилгаар оролцлоо. Тэмцээнийг Н.Ганбаатар агсны шавь нар ивээн тэтгэж зохион байгуулжээ.
Тэмцээнд Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо, Ц.Шийрэв дасгалжуулагчтай “Аврагч” спорт хороо, Ц.Гантөгс дасгалжуулагчтай “Арслан” клуб, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар дасгалжуулагчтай “Гацуурт-Олимп” клуб, Ж.Дандар дасгалжуулагчтай “Харгант-Цамхаг” клуб, Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” клуб болон Баянмөнх дасгалжуулагчтай БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны шигшээ гэсэн 7 баг тойргийн журмаар барилдлаа. Баг бүр нэг сая төгрөгийн хураамж төлж оролцсон байна.
Эхний гурван байранд шалгарсан “Хасу-Мегастарс” клуб, “Алдарт” спорт хороо, “Арслан” клуб бие биенээ тойрч ялсан нь тэмцээнийг бүр ч илүү сонирхолтой болгосон. Тэмцээний зарим барилдаанд үзэгчид боооцоо тавьж “Алдарт” спорт хороо, “Хасу-Мегастарс” клубын барилдааны бооцоо 3 сая төгрөг, “Арслан”, “Харгант-Цамхаг” клубүүдийн барилдааны бооцоо 2 сая төгрөгт хүрч байлаа.