Рублийн ханш дахин унаж, нэг ам.доллар 57 рубльд хүрэв. Өнөөдөр Москвагийн биржэд рублийн доллартай харьцах ханш 56.97, харин нэг евро 70.57 гэсэн үзүүлэлттэйгээр дахин дээд амжилт тогтоов.
Энэ онд рублийн ханш 40 хувиар буураад байгаа юм байна.
Ам.доллартай харьцах рублийн ханш ийнхүү унах болсныг шинжээчид газрын тосны үнийн уналт, ОХУ-ын импортын хориг болон Украины хямралтай холбоотойгоор АНУ болон барууны орнуудын ОХУ-ын эсрэг авсан хэд хэдэн удаагийн хориг арга хэмжээтэй холбон тайлбарлаж байгаа юм.
ОХУ-ын Төв банкнаас рублийн ханшийг тогтворжуулахын тулд валютын нөөцнөөсөө багагүй хувийг зарцуулсан зэрэг арга хэмжээ авсан ч төдийлөн үр дүн өгөөгүй юм.
Үүний дараа Оросын Төв банкны удирдлага ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн рублийн хөвөгч ханшид шилжин, валютын интервенц хийхээс бүрэн татгалзана хэмээн мэдэгдэж байсан бол ийнхүү төлөвлөсөн хугацаанаасаа хоёр сарын өмнө буюу өнгөрсөн арваннэгдүгээр сард хөвөгч валютын ханшид шилжсэн юм.