Дэд сайдуудын чимээ анир сонсогдож эхэллээ

Засгийн газрын гишүүд томилогдон ажилдаа ороод байна. Одоо дэд сайдуудын томилгоо улстөрийн хүрээнд эрчимтэй яригдаж эхэллээ. МАН засгийн газарт хамтрагч болсноор Шударга ёс эвслийн Шинэчлэлийн засгийн газарт ажиллаж байсан 7 дэд сайд цөөрөх нь тодорхой болсон. 

МАН дэд сайдуудыг сөөлжлөн буюу МАН-ын сайдтай яаманд АН, АН-ын сайдтай яаманд МАН, Шударга ёс эвслийн сайдтай яаманд 50 50 хувиар байршуулах санал гаргасныг АН-ын бүлэг эсэргүүцжээ. С.Баяр, Сү.Батболдын засгийн газрын үед МАН ийм зарчмыг бариагүй тул одоо олон дэд сайдад санаархаад хэрэггүй гэдэг үгийг ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд авчээ. Гэвч АН-ын дарга З.Энхболд МАН-тай гэрээ байгуулсанаар намуудын гэрээний дагуу Ардчилсан намд дэд сайдын суудал тав, МАН-д долоо, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэгт гурав, ИЗНН-д нэг дэд сайдын суудал тус бүр ногджээ.
Шийдлийн засгийн газар 19 сайдтай. Үүний 4 нь хариуцсан яамгүй. 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт. Монгол Улсын сайд М.Энхсайхан нар дэд сайдгүй ажиллах нь тодорхой юм. 1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайдад ИЗНН өөрсдийн хүнээ сойжээ. ИЗНН-ын гишүүд зонхилох болсон энэ яаманд С.Оюун сайдын бодлогыг үргэлжлүүлэх, хүмүүсээ хамгаалах зорилгоор тус намын дэд дарга М.Хүрэлсүх очихоор яригдаж байна. 

2. Гадаад хэргийн дэд сайдад хуучин сайд Д.Ганхуягийг үлдээнэ гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэгдсэн. 2016 онд АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулах, Монгол Хятад Орос 3-н орны дээд хэмжээний уулзалтанд гардан зүтгэж буй түүнд АН ч итгэл хүлээлгэжээ. 
3. Сангийн дэд сайдад ШӨХТГ-ын дарга О.Магнай хамгийн хүчтэй яригдаж байна. Түүний хувьд төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлсэн энэ цаг мөчид төрийн байгууллагын хууль бус зарцуулалтыг илчлэн гаргах бүрэн чадвартай гэж Ерөнхий сайд үзжээ. 2016 онд СХД-ээс УИХ-ын сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарласан түүнд суудал ахих хүсэл байна. 
4. Хууль зүйн дэд сайдад МАН экс гишүүн Ж.Сүхбаатарыг нэр дэвшүүлэхээр тохирсон байна. МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшиж ялагдсаныхаа дараа тэрээр “МАН-д Т.Бадамжунай гэх авлигачин байхад нам шинэчлэгдэхгүй” гэх хатуухан үгийг твиттер хуудсаараа дамжуулан дайчихаад, АНУ-ыг зорьсон. Хэсэг хугацаанд нам, төрийн ажлаас хөндий байсан түүнийг энэ удаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт найз нь Хууль зүйн дэд сайдад зүтгүүлжээ. 
5. Аж үйлдвэрийн дэд сайдад МАН Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайдаар 6-н сарын хугацаанд ажилласан Ц.Гарамжавын нэрийг сойжээ. 2016 онд МАН-аас тойрогт нэр дэвшихээр бэлтгэлээ базааж буй түүнд улстөрийн намтар хэрэгтэй байгаа юм. Мөн намын гол санхүүжүүлэгчдийн нэг НАМЭХ-ын УЗ-ийн гишүүн гэдгээрээ өрсөлдөгчдөөсөө илүү үнэлэгджээ. 
6. Батлан хамгаалахын дэд сайдад одоогийн дэд сайд А.Баттөрийг дахин зүтгүүлэхээр яригдаж байна. Мөн л 2016 онд Ховд аймгаас нэр дэвшихээр бэлтгэлээ базааж буй түүнд улстөрийн нэр хүнд чухал. Ерөнхийлөгчийн итгэлт хүн гэдгээрээ саад болох хүн олдохгүй бололтой. 
7. Барилга, хот байгуулалтын дэд сайдад АН-ын ерөнхий нарйин бичгийн дарга Ц.Оюундарийг томилохоор яригдаж байна. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд намын даргаар сонгогдсоныхоо дараа сэтгүүлчдийн асуултанд түүнийг өөрчлөхгүй хэмээн мэдэгдсэн ч өөр албан тушаалд очсон тохиолдолд энэ үг үйлчлэхгүй нь тодорхой. Ц.Оюундарийг өөрчлөх сонирхол намын шинэ даргад хүчтэй байгаа юм. 
8. Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд энэ суудлын төлөө МАН-ын хамгийн олон гишүүн өрсөлдөж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн эгч МАН-ын НИТХ дахь бүлгийн төлөөлөгч Б.Саранчимэг, УИХ дахь МАН-ын бүлгийн Хэвлэлийн албаны дарга М.Оюунчимэг, МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа нарын нэр дээгүүр “давхиж” буй юм. 
9. Зам, тээврийн дэд сайдад Хөдөлмөрийн яамны ЖДҮ-ийг дэмжих сангийн захирал, АЗХ-ны ерөнхийлөгч УИХ-ын экс гишүүн Бадамдамдингийн хүү Баттүвшин нэр дэвшжээ. Намын удирдлагууддаа тал алддаггүй, мөнгөтэй энэ эрхэмд 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших зорилго бий юм. Мөрийтэй тоглоом тоглож байгаад баригдсан зугаа цэнгэлд дуртай хэмээн шүүмжлэгддэг.
10. Уул уурхайн дэд сайдад Үйлдвэр худалдааны сайд асан, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ганзоригийн хүү Тэмүүлэн баталгаатай болжээ. Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүний сонгуульт албатай түүнд энэ салбарын улстөрийн албан тушаал дэмжлэг болох нь дамжиггүй. МАН-ын мөнгөтэй өнгөтэй залгамжлагч хэмээн түүнийг нэрийддэг юм. 2016 онд Архангай аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ базаасан гэдэг яриа бий. 
11. Хөдөлмөрийн дэд сайдад МҮАН-ын Ж.Батхуягийг улираах санаачлагыг Шударга ёс эвсэл гаргасан. Түүнийг УИХ дахь АН-ын бүлэг ч хүлээн авчээ. 2012 оны АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтан байгуулагдсан Хөдөлмөрийн яамыг МАН-д өгч дэд сайдын суудлаас ч татгалзаж байгаа нь АН-ын гишүүдэд харин таалагдахгүй байгаа нь үнэн юм. 
12. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд. Одоогийн дэд сайд Тамирт чөлөөлөгдөхөөс өөр сонголт үлдээгүй. МАН-ын квотод энэ суудал очсон. МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа очих магадлал өндөр. Түүнтэй Их засаг их сургуулийн Ням-Осорын хүү Учрал өрсөлдөж байна. 2-ул гадаадад боловсрол эзэмшсэн, эгэл жирийн амьдрал мэдэхгүй хөрөнгөтэй айлын залгамжлагчид учир Т.Аюурсайхан тэргүүтэй шинэчлэлийн хорооныхор эрс эсэргүүцэж буй. 
13. Хүнс хөдөө аж ахуйн дэд сайдаар 2 хүн ажиллах шаардлагагүй гэж Ерөнхий сайд Сайханбилэг үзсэн. Иймээс энэ суудалд МАХН-ын Чимэдсүрэн, Батбаяр тэргүүтэй залуусаас сонголт хийгдэнэ. Х.Баттулгын халаасны яам болсон тус яаманд МоАХ-ны гишүүд ээлжлэн сайд болж Р.Бурмаа гэсэн үнэнч гишүүн нь ирсэнээр төрийн нарйин бичгийн дарга Золжаргалд хүндхэн байдал үүсчихээд байна. МАХН-ын дэд сайдад шийдвэр шийдэл гаргахад хүнд байх болно. 
14. Эрчим хүчний дэд сайдад МАН ОХУ-д элчин сайдаар сууж байсан өдгөө МУ-ын Ерөнхийлөгчийн ОХУ-д суух төлөөлөгчөөр томилогдсон Хангайгийн хүү Алтайг нэр дэвшүүлжээ. Ерөнхий сайд Батболдын шадар туслахаас Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын суудалд залраад авсан энэ залууд намын гишүүд нь ам сайтай биш. Гэхдээ МАН АН-ын аль аль талд нүүртэй сайн аавын хүчинд шинэ суудлаа засч эхэлсэн мэдээ байна. 
15. Эрүүл мэнд, спортын дэд сайд. Ажил нь унасан энэ яаманд очих сонирхол АН МАН-д байхгүй байна. Ийм ч учраас МАХН-ын гишүүдийг дотроосоо дэд сайдаа томилон ажиллуулах саналыг АН гаргажээ. МАХН-аас Н.Энхбаярын эмч нэрээр алдаршаад буй Жамбалжавыг тус албанд зүтгүүлэхээр ярилцаж байна. 
Дэд сайдад санаархсан нам намын горилогчдын цуваа 40 гарсан бөгөөд хэвлэлээр өөрсдийн нэрээ явуулах сонирхол ч зарим улстөрчдөд байгаа юм. Дэд сайдад нэр дэвшигчдийг МАН АН удирдах зөвлөл болон гүйцэтгэх зөвлөлөөрөө хэлэлцэнэ. Ирэх 7 хоногоос томилон ажилд нь оруулах юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ард (150.129.143.216)
    дампуурсан нам олигархууд төр засагаар тоглосоор нэг л өдөр бүгд дүүжлүүрт очино шүү
    2014 оны 12 сарын 14 | Хариулах
  • Мөн дөө (202.70.33.62)
    Луйвардаж ханадаггүй улстөрчид суудлаа хуваалцаж дуусах болоогүй юм байх даа
    2014 оны 12 сарын 12 | Хариулах