Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч, Актив зууч, Монголиан Пропертис компаниудын консорциум хамтран Монголбанкны захиалгаар 2014 оны 11-р сарын “Орон сууцын үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна. Энэхүү тооцоонд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн орон сууцын үнийг хамруулан тооцсон.
Тус судалгаагаар ОСҮИ 11-р сард суурь үе буюу 2013 оны 1 сараас 19.8 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.0 хувь буурсан үзүүлэлт юм. Ийнхүү Улаанбаатар хотын орон сууцын үнийн индекс 4 сар дараалан буурлаа.
Улаанбаатар хотын Орон сууцны үнийн индекс

Харин уг индексийг оны эхэн үетэй харьцуулахад 0.18 хувь өссөн бол, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад 0.48 хувийн өсөлттэй байна. Эдгээр өсөлтийн хувиуд мөн 4 сар дараалан буурч байна.
ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцож буй бөгөөд индекс тооцох судалгааны ажилд Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байна.