Хүмүүс ном зохиолын ач тусыг дутуу үнэлдэг хэмээн эрдэмтэд өгүүлэв. Ном унших нь уураг тархийг хөгжүүлэх маш сайн дасгал болж өгдөг бөгөөд аль ч насны хүн ном уншиж байвал өөрт нь хэрэгтэй гэнэ. Настай хүмүүс жишээ нь ном уншаад байвал ой санамжаа сайжруулах боломжтой юм. Мэргэжилтнүүд 294 хүнээс тогтмол сорил авч байжээ. Ингэснээр тэд тэр хүмүүсийн ой санамж болон сэтгэн бодох чадварууд хэрхэн өөрчлөгдөж байгааг тогтоох гэнэ. Судалгааг тэр хүмүүсийн дундаж нас 89 байх үед буюу нас барахаас нь зургаан жилийн өмнө явуулж байжээ. Мөн эрдэмтэд тэр хүмүүс чухам хэзээ ном зохиол идэвхтэй уншиж, юм бичиж, бусад оюун ухаан хөгжүүлдэг зүйлүүдийг хийж байсныг сонирхов.
Хүмүүсийг өөд болсны дараа задлан шинжилгээ явуулж байлаа. Тэдгээр хүмүүсийн уураг тархинд деменцийн шинж тэмдэг байгаа эсэхийг эрдэмтэд хайж байсан гэнэ. Тэгтэл хүүхэд байхдаа, нас биед хүрсэн үедээ болон өтөл насандаа их уншиж, бичиж байсан хүмүүсийн сэтгэн бодох чадвар бусад хүмүүсийнхээс 15 хувиар өндөр байсан нь тогтоогджээ. Харин хөгширсөн хойноо ном зохиол идэвхтэй уншиж, бичгийн ажил хийх юм бол оюун ухааны чадвар нь буурах магадлал бусдыгаа бодвол 32 хувиар бага байсан аж. Хөгширсөн хойноо юм уншихгүй, бичихгүй байвал уураг тархины үйл ажиллагаа маш амархан сулардаг болох нь тогтоогдсон байна.