Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан өчигдөр Улаанбаатарт эхэлжээ. Уг хуралдаанаар тус нийгэмлэгийн энэ оны эхний 11 сарын үйлдвэр, санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар хэлэлцжээ. Тэгвэл өнөөдөр дээрх байгууллагын 2015 он хүртэлх техникийн материал шинэчлэлийн хөтөлбөрийн нэгдүгээр шатны явц, тарифын бодлого, тээврийн төлөвлөгөө зэрэг нийт 10 орчим асуудлаар санал солилцох гэнэ.
Ээлжит хуралдаанаар хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргыг томилж магадгүй гэх мэдээлэл цацагдаад байгаа. Тэгвэл энэ асуудлаар хуралдахгүй гэж албаны эх сурвалж хэллээ. Тэгэхээр хувь нийлүулсэн нийгэмлэгийн даргын үүрэг гүйдэтгэгчээр ажиллаж буй Г.Сэрээнэндорж албан тушаалаа үргэлжлүүлэн хийх нь.
Ерөнхий хорооны хуралдаанд ОХУ-ын талаас “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны дарга, “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч В.Н.Морозов, хойд хөршийн Тээврийн орлогч сайд А.С.Цыденов, “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Монгол дахь Ерөнхий төлөөлөгч В.В.Морозов нар оролцож байна. Хуралдаан өнөөдөр дуусна.