Аливаа улс орны төр, засгийн тогтвортой байдлаас хамаарч гаднын компаниуд хөрөнгө оруулалт хийх болон хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьдгийн нэгэн жишээ өчигдөр биелэлээ оллоо.
Энэ нь Францын “ЖиДиЭф Сүэз” компани шинэ Засгийн газар байгуулагдсантай холбогдуулан эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар болсноо албан ёсоор мэдэгдсэн явдал юм. Ингээд тус компани Улаанбаатар хот дахь өөрийн компанийн шинэ оффисоо нээж, Монгол Улсыг эрчим хүчний үлгэр жишээ түнш болгохоор зорьж буйгаа дуулгав.
Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Жан Флачит хэлэхдээ “Хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн хувьд хоёр сарын хугацаанд маш эрчимтэй хийгдэх ёстой. Дөнгөж сая Засгийн газар шинээр эмхлэгдэн байгуулагдаж, холбогдох байгууллагууд ажилдаа орсон тул нэгэн жигд явах байх гэж найдаж байна. Тиймээс бид дараа жилээс ажилдаа шууд орно. Ажил саадгүй явахад танай улсын Засгийн газрын хамтын ажиллагаа хамгийн чухал. Монгол Улсад эрчим хүчний шинэ үүсгүүр асар их ач холбогдолтой, хэрэгтэй зүйл учраас богино хугацаанд үйлдвэр барихыг зорино. Гэхдээ 2020 он гэхэд бүрэн хэмжээгээр үйлдвэр ажиллах болно” гэв.