МУСГЗ, МСЭ-ийн ерөнхийлөгч Б. Галаарид: Нүдүүр байна уу

Өмнөтгөл хийх учиргүйгээр энэ хүний хийж буй ажил, өөрийнх нь бодол санааг нэгэн удаа хөрвүүлэхүй...

Монгол ахуйгаас хичнээн төсөөрснөө ижийгтэйгээ золгохоор ирэхдээ л мэдрэв. Төрсөн гэртээ ирж сэтгэл тайвширсан намайг зүүд нойрон дундаа хүүхэд бага настайгаа хөөцөлдөн байтал нэг л танил тогшилт сонсогдов.

Захгүй цэнхэр говийн хүйснээс айлын нүүдэл тодрон, бүдгэрэн, торолзон бүрэлзэн алгуурхан ойртох шиг “түг түг” хийх тэр дуун нэг тодорч, нэг бүдгэрнэ.

Амттай нойрноосоо салж эс чадан цааш нааш хөрвөөх зуур юуны дуу болохыг таах гэж оролдов. Оюутны тохилог байранд бас л ийнхүү сэрж ядан хэвтэхэд хайрын учгаар зүрх сүвлэсэн хар нүдэн тэр минь хаалга зөөлхөн зөөлхөн тогшсоор орж ирээд “Бос доо хө. Хичээлээсээ хожигдох нь” гэдэг байсан нь санагдана.

Сурагч ахуйдаа хичээл дээр хэн нэгэн охиныг сэмхэн шоглож, “Багшаа” хэмээн орилуулахуй өвгөн багш минь буурал тэргүүнээ өргөж, “Байг даа хөөрхий” гэх шиг ширээ зөөлхөн тогшдог байсан нь бодогдоно. Гэвч энэ бол алиных нь ч тогшилт биш байлаа. Хүчлэн байж нүдээ нээвэл хөөрхий ижий минь зуухныхаа өмнө сөхрөөд суучихсан цай нүдэж байх нь тэр.

Намайг өндийх зуур “Миний хүү, унтахгүй яагаав. Ээж нь чамайг сэрээхгүй гэж их л аяархан нүдсэн юмсан” гэж гэмшингүй өгүүлээд “Энэ муу уур, нүдүүр хоёр уу, чанга дуутай гэдэг нь” гэж амандаа үглэв. Ижийнхээ сэтгэлийг зовоочихсондоо таагүйрхэвч, уур, нүдүүрийн дуунаар сэрсэндээ их л билэгшээв.

Хот хөдөөгүй л шахам цайг хутгаар зорж, алхаар тэлтэлж байхыг харж, нүд дассан надад “Монгол ахуйн минь бас нэгэн сайхан хэвшил мартагдах нь ээ” гэсэн бодол төрөхүй нэг л гунигтай. Чингээд ээжтэйгээ ийн ярилцав.

- Ээж ээ, манай энд уур нүдүүртэй айл олон уу?

- За даа, бид мэтийн хөгшчүүлд л байхаас залуу айлд бол ч ховор доо.

- Дэлгүүрт төмөр уур нүдүүр зөндөө л байдаг шүү дээ.

- Хэ цэс, ямар юмных нь уур гэдэг юм. Хүнд, зай муутай, дуу нь хүртэл чол чол гээд нэг л ...

- Дуу ямар хамаатай байнаа?

- Ишш хүү минь. Биднийг бага залуу байхад “Тэдний уур сайхан дуутай, эдний уур сайхан хэвтэй” гээд л ярилцах. Айлын эзэгтэйчүүд бусдаас эрт цайгаа нүдэх гэж битүүхэндээ өрсөлддөг байлаа шүү дээ. Тэр чинээгээрээ ч эрт босдог, ажлаа ч амжуулдаг байлаа.

- Цайг заавал нүдэж яадаг юм бэ. Холтлоод л хийчихвэл...

- Яалаа гэж! Нүдсэн цай ааг сайтай. Тэгээд ч арвин байдаг юм.

... Гадаа гарахуй үүр дөнгөж хаяарах төдий. Сумын төвийн ихэнх айлууд босоогүй, энд тэнд ганц нэгхэн гэр л гэрэлтэй харагдана. Ээж маань цайгаа нүдэж дууссан бололтой, чив чимээгүй. Тооноор бөөн цагаан уур манасхийгээд намдав. Тогооныхоо халивыг сөхөж дээ гэж бодтол хэдэн айлын цаана уур, нүдүүрийн бүгтхэн дуу гарав.

Тэд дууг сонсохуй энэрэлгүй загнаад явсан эзнээ эргэж ирэхийг нь хүлээн буудал бууцаа сахиж хэвтээ хөгшин нохой хааяа нэг хөв хөв хуцдаг нь санагдаж...

... Бид ч бас уур нүдүүрээ орхих нь дээ. Хэдэн зуун жил Монгол эзэгтэйчүүдийн эртэч, ажилсгийг нотлон уул талгүй дуурсаж асан нүдүүрийн дууг хойч үе минь сонсохгүй юм биш байгаа даа! Гэсэн түгшүүрт бодол төрөв.

Ай хөөрхий нүдүүрийн дуу гэж...

БАДАМ-ОЧИРЫН ГАЛААРИД

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.