Авсри улсаас олгох хөнгөлөлттэй зээлийг гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ

Монгол, Австрийн Засгийн газар хооронд 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон юм. Энэ хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газраас 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгох ба энэ хөрөнгөөр дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ. Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Төрийн тусгай албаны эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх төхнологи нэвтрүүлэх, Онцгой байдлын албаны гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах ажлуудыг санхүүжүүлнэ.

Хамтарсан төслүүдийн хүрээнд импортоор нийлүүлэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг Монгол Улс гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хэлэлцээрт тусгасан. Иймд Засгийн газрын хуралдаанаар нэр бүхий төслүүдийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыггаалийн албан татвараас чөлөөлөхтухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Түүнчлэн, хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн Экспортын зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргалд олгохоор шийдвэрлэлээ.

Ойрын жилүүдэд дорвитой шинэчлэл хийгдээгүй улсын томоохон эмнэлгүүдийг орчин үеийн багаж, оношлууртай болгосноор хорт хавдрын туяа эмчилгээ, дурангийн болон эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, зүрхний катетерийн оношилгоо эмчилгээ, гемодиализын эмчилгээний чадавхи олон улсын түвшинд хүрнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.