Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын Дээд түвшний уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа. Энэ уулзалт 2014 оны 11 дүгээр сарын 8-11-ний өдрүүдэд өмнөд хөршийн Бээжин хотноо болсон юм.
АПЕК-ийг 2014 онд даргалагч БНХАУ-ын санаачилгаар “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээг зохион байгуулсан байна. Тус форумыг БНХАУ-ын дарга Си Зиньпин даргалж, оролцогч 8 улс, олон улсын 2 байгууллагын тэргүүн нар Азийн орнуудын эдийн засгийн хөгжилдчиглэсэн суурь бүтэц бий болгох, ингэснээр улс орнууд харилцан ашигтай хамтран ажиллах асуудлаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлжээ. Хятадын тал “Торгоны зам" санаачилгын хүрээнд “Торгоны зам сан" байгуулснаа зарлаж, оролцогч Азийн орнуудтай дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чиглэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг шийдэхэд зориулан 40 тэрбум ам.доллар гаргах болсноо мэдэгджээ.
Тус форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ АПЕК-т элсэх талаар Монгол Улсын гаргасан хүчин чармайлтыг тэмдэглэж, Ази-Европыг холбосон зааг дээр оршдогийн хувьд Монгол Улс дэд бүтцийн чухал зангилаа болохыг онцолж, дэд бүтцийн чиглэлээр хийгдэж буй ажлуудын талаар товч танилцуулжээ. Мөн “Талын зам” төсөл, үүний дотор дамжин өнгөрөх тээвэр, мэдээллийн сүлжээ зэрэгчиглэлээр хамтран ажиллах тодорхой саналууд гаргасан байна.
Дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бол Монгол Улсын Ерөнхийлөгчид БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян бараалхжээ. БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй хийсэн уулзалтын үеэр Монгол, Хятад, Оросын гурван талын дээд түвшний уулзалтыг анх удаа зохион байгуулсан нь чухал ач холбогдолтой болсныг талууд санал нэгтэй тэмдэглэсэн байна. Хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.