”Мэнгэт гишүүний мэргэн захиас”-ны тухайд

Өнөөдрийн нийгмийн тэр дундаа улстөрчдийн тухайд олон хүн өөрийн фэйс хуудсаараа дамжуулан санаа бодлоо хүргэж байна. Үүний нэг жишээ болгон сэтгүүлч Шатарбалын Даваадоржийн нэгэн нийтлэлийг хүргэж байна. 

Мэнгэт гишүүний мэргэн захиас

Ерөнхий сайдтайгаа нийлээд арван есөн “бүдүүн” сайд бүхий Шийдлийн Засгийн газрын кабинет үндсэндээ бүрдлээ. Өнөөдрөөс эхлээд бас ийм тооны “нарийхан”сайд нарыг томилох “операац” эхлэнэ. Горьдлого тээсэн за бас л олон, олон “амьтан”-ыг баярлуулж нэг, гомдоож нэг уйлуулна л даа. Өнөө цагийнхны нулимс хямдхан болсон хойно. 
Юутай ч ес эхлээс урьтан шинэ засаг ажилдаа шуудрах боломжтой болж байгаа нь яамай. Санжийн Баярын хэлснээр Ч.Сайханбилэгийн баг хамт олонд хамгаас түрүүнд амжилт ерөөе. Бас болгоомжтой бөгөөд хянуур, тодорхой байхыг захъя. Яагаад гэвэл та бүхэн бас л С.Баяр эрхмийн хэлснээр унаж яваа онгоцонд шүхэргүй сууцгааж буй “зоригтнууд”. Жил хагасын дараа амьд төдийгүй баяртай уулзцгааж байвал юутай сайн. Бас Мэнгэт гишүүний захиасыг ямагт санаж, сэрж явбал аминд тань өлзийтэй байх буюу. Тэрбээр үнэхээр хал үзсэн хашир түшээгийн зангараг заасан захиасыг хэлнэ билээ л. Үнэн үг хэзээ ч зөөлөн, нялуун байдаггүй. “Тогооноосоо ХУЛГАЙ бүү хийгээрэй. ХУДЛАА бүү ярьж байгаарай. ШУНАЛ-аа дарж, тендер мээндэр, төрийн халаас руу шургачих гээд байдаг гар энэ тэрээ сайн захирч бай. Бүр болохгүй бол “гавла”. Гавлаад зогсохгүй хөл чинь явчих гэх тул “дөнглө” хэмээснийг та бүхэн толгой дохин зөвшөөрч баяртайяа хүлээн авч буйг харах урамтай байлаа. 
Урдаас орж ирэх тэрбум “дойлуурын” зээл, Оюутолгой, Тавантолгойг амь оруулах, Аж үйлдвэрийн парк ... энэ тэр гээд хариуцлага, ханшийг тань сорих сорилтуудыг амжилттай давцгаагаарай. Монголын эдийн засаг дөрөв, таван жилийн өмнөх шигээ биш юмаа гэхэд энэ нэг жил хагасын дотор тогтворжин өндийх магадлал маш өндөр гэдгийг учир мэдэх хүмүүс хэлцгээх юм. Шийдлийн Засгийн газрын шийдлээс хамаарах асуудал энэ болохоор сайныг ерөөе. 
Нүдээ олсон, олоогүйгээрээ цоллуулан байж томилогдож буй та бүхэн “ олсон” нь үнэхээр нүдтэй юм шиг, олоогүй гэгдэж буй нэг нь гялс манас “нүдээ олоод” ажиллацгаах буй за. “Мэнгэт” гишүүн Ц.Нямдоржийн мэргэн захиаст хавсаргасан мань мэтийн илүү үгийг болвол залгичихаарай.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.