Асашёорү өөрийн нэрэмжит олон улсын тэмцээн зохион байгуулна

Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал болж энэ оны ажлаа дүгнэж, ирэх онд хийх ажлын төлөвлөгөөгөө ярилцлаа. Ирэх 2015 оныг чөлөөт бөхийг хөдөө орон нутагт хөгжүүлэх жил болгон шаардлагатай хэрэгсэл материалаар хангах, тэмцээнийг бүсчилэн зохион байгуулах, өсвөрийн бөхчүүдийн лиг явуулах зэргээр ажиллахаар төлөвлөжээ.

Мөн өсвөр үеийн “Asushoryu Cup” олон улсын тэмцээнийг явуулах, АНУ-ын Лас-Вегас хотод болох ДАШТ-нээс аль болох олон олимпийн эрх авах зэрэг зорилтууд тавьж байгаа тухай МЧБХ-ны нарийн бичгийн дарга О.Баянмөнх танилцуулжээ. Түүнчлэн үндэсний шигшээ багийн бэлтгэлийн танхимыг засварлах, холбооны дэргэд Мэргэжлийн болон Ёс зүйн зөвлөл байгуулан ажиллуулахаар зорьж буй гэнэ.

МЧБХ-ны Удирдах зөвлөлийн хуралд холбооны ерөнхийлөгч А.Дагвадорж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Болд, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, дэд ерөнхийлөгч Б.Батзаяа, Х.Бат-Эрдэнэ, Б.Өнөбаатар, Ж.Түмэн-Аюуш нар оролцож холбооны зөвлөх Ардын багш Ш.Дамдиншарав, үндэсний шигшээ дасгалжуулагч нар, Шүүгчдийн зөвлөлийн зарим гишүүн, эрэгтэй үндэсний шигшээ багийн зөвлөх Гавьяат дасгалжуулагч Ц.Нацагдоржийг урьж оролцуулсан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.