Хайгуул хийх 15 эрх олгогджээ

Монгол орны нутаг дэвсгэрт ашигт малтмалын чиглэлээр хайгуул явуулах эрх авсан 106 газрыг шүүхийн шийдвэрээр цуцалсан билээ. Тодруулбал, сонгон шалгаруулалтаар бус өргөдлөөр хүссэн ААН-д хууль бусаар олгосон гэж үзэн ийнхүү түдгэлзүүлээд байв. Ингээд шүүхээс уг 106 лицензэд хуулийн дагуу дахин сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг гаргасан аж.

Тэгвэл Ашигт малтмалын газраас дээрх 106 лицензээс 18 газарт нь хайгуулын тусгай зөвшөөрөл авах ААН-ийг сонгон шалгаруулалтад урьж буйгаа өнөөдөр албан ёсоор зарлалаа.

Сонгон шалгаруулалтын комиссын тухайд “Ашигт малтмалын чиглэлээр хайгуул хийх газрыг орон нутгийн захиргаанаас мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон газруудад олгож байгаа. Гэхдээ одоогоор ямар чиглэлээр хайгуул хийж, ямар ашигт малтмал илрэхийг хэлэх боломжгүй. Хайгуулын явцад тогтоогдоно. Мөн өмнө нь хууль бус гэгдэж цуцлагдсан 106 лицензээс зарим ААН, албан тушаалтанд ял оноож, зарим газарт нь ийнхүү дахин сонгон шалгаруулалт зарлаж байна. Хууль бус таван лиценз байсан. Одоо тэрхүү таван лиценз бүхий газарт энэ удаад ахин сонгон шалгаруулалт зарлахгүй” гэлээ. Түүнчлэн нийт нутаг дэвсгэрийн 19 хувьд хайгуул хийх зөвшөөрөлтэй. Үүний 50 орчим хувьд нь хайгуулын лиценз олгоод байсныг одоогоор бууруулж 20 орчим хувьд олгохоор болж байгаа гэв. 

-106 лицензээс одоогоор 15 компани хайгуул хийх эрх авчээ-

Сонгон шалгаруулалт зарлаж буй газруудын тухайд нэг газар нь 5000 орчим га талбайтай ажээ. Энэ удаад дараах газруудад зөвшөөрөл олгохоор зарлаад байна.

Үүнд: Өмнөговь аймагт зургаа, Дорноговь аймагт дөрөв, Дорнод аймагт хоёр, Өвөрхангай аймагт хоёр байршилд зарласан бол Завхан, Төв, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймгуудад тус бүр нэг байршилд зарлажээ.

Уг сонгон шалгаруулалтад орох ААН-үүдийн саналыг Ашигт малтмалын газрын комисс 2015 оны нэгдүгээр сарын 9-ны 09.00 цаг хүртэл хүлээн авах юм байна.

Ашигт малтмалын газрын тухайд дээрх 106 лицензээс арваннэгдүгээр сард 23 байршилд сонгон шалгаруулалт зарлаад байсан юм. Харин үүний 15 байршилд хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгожээ. Харин үлдсэн байршлын тухайд ахин хугацааг нь сунган ААН-ийн саналыг авч байгаа юм байна.

Санал ирүүлж эрх авч буй ААН-үүдийн тухайд өмнө  нь 106 лицензэд багтсан байсан хуучин ААН-үүдээс гадна шинэ компаниуд ч байгаа аж.

Дашрамд дурдахад, Дээрх 106 лицензээс одоогоор нийт 41 байршилд сонгон шалгаруулалт зарлаж, зарим ААН-үүдэд эрх олгоод байгаа юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.