Төрийн өмчийн хороо/ТӨХ/-ны Төрийн өмчийн бүртгэл ашиглалтын газрын дарга О.Сэр-Од хууль бусаар ажлаас халагдсан гэж эсэргүүцлээ илэрхийлэн ТӨХ-ны гадна гэр барьж суулт зарлаад байна. Тэрээр “Өвчний улмаас чөлөө авсан үеэр Д.Цогтбаатар дарга хууль зөрчиж намайг ажлаас халсан. Арваннэгдүгээр сарын 1-нд өвчний учир эмчлүүлэх шалтгаанаар ажлаасаа гурван сарын цалинтай чөлөө авсан юм. Тэгээд эмчилгээ эрт дуусч, ажилдаа орохоор ирэхэд өрөөнд минь оруулаагүй. Мөн миний ажлыг орлон гүйцэтгэж байсан хүн намайг миний албан тасалгаанаас хөөж хамгаалалтын алба дуудсан. Тиймээс ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байна” гэсэн юм.
Энэ асуудлаар ТӨХ-ны байр суурийг тодруулахад тус газрын хэвлэлийн төлөөлөгч С.Бат-Гүр “О.Сэр-Одыг ажлаас нь халсан шийдвэр гараагүй. Буруу ташаа ойлголтоос үүдэн суулт зарлаж, эсэргүүцэл илэрхийлж байна. Үнэндээ өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу гурван сарын цалинтай чөлөө олгосон. Ажилд орох хугацаа нь ирэх хоёрдугаар сарын 5-нд дуусах юм. О.Сэр-Од нь хугацаанаас өмнө ажилдаа орохоор ирэхдээ зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж, хандах ёстой юм. Гэтэл “Шууд ажилдаа орно” гэснээр энэ асуудал үүссэн” гэлээ.