Батерейгээр ажилладаг электрон тамхи (E-cigarette) хэмээх бүтээгдэхүүн сүүлийн үед ихэд дэлгэрчээ. Электрон тамхи ингэж алдарших болсон шалтгаан нь эрүүл мэндэд хор хөнөөлгүй гэх түүний сурталчилгаа юм. Гэвч, Японы эрдэмтдийн шинэ судалгаа электрон тамхи нь ердийн тамхинаас 10 дахин их хорт хавдар үүсгэгч бодис агуулдаг болохыг илрүүлсэн байна. Японы Эрүүл мэндийн яамны судлаачдын баг электрон тамхинаас гардаг уурыг шинжилж үзэхэд, формальдегид, ацетальдегид зэрэг шууд хорт хавдар үүсгэгч бодисууд илэрсэн байна. Үүгээр зогсохгүй, электрон тамхинд агуулагдах формальдегид нь ердийн тамхиныхаас 10 дахин илүү хэмжээтэй байжээ.
Судлаач Наоки Кунугита “Ялангуяа [шингэн ууршуулдаг] төмөр нь хэт халах үед илүү их хорт бодис ялгаруулдаг бололтой” хэмээн хэлсэн юм. Кунугита тамхи татах зуршилтай болж буй хүмүүст хандан “зарим үйлдвэрлэгч ийм бүтээгдэхүүнээ ердийн тамхитай хоршуулах, эсвэл залуу хүмүүс ердийн тамхины оронд хэрэглэх зориулалтаар борлуулж байна” гэдгийг ухаараасай хэмээн сануулсан юм. Хятадын нэгэн эмзүйч анх сэдсэн электрон тамхи 2003 оноос зах зээлд үзэгдэж эхэлжээ. Энэ тамхи никотин агуулсан шингэнийг халааж ууршуулах замаар ажилладаг байна. Хятадын “Алтан Луу” хэмээх групп энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, олон нийтэд танилцуулсан цагаас дэлхий даяар ихээхэн алдарших болжээ.
Электрон тамхийг татах үед утаа ялгаран гарах бөгөөд яг тамхи татаж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг гэнэ. Энэ бүтээгдэхүүний борлуулалт Хятад, Израйл, Турк болон Европийн орнуудад багагүй амжилт олсон бөгөөд 200 гаруй ам.долларын үнэтэй ажээ.