Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдсан. Уг хурлаар Монгол Улсын Засгийн газрын өрийн хэрэгсэл бондийг Хөрөнгийн биржээр өнгөрсөн сараас арилжаалагдаж эхэлсэнтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцсэн юм. Өмнө нь Засгийн газрын бонд зөвхөн төвбанкаар дамжин арижаалагдаж байсан ба үүнд арилжааны банкууд гол оролцогч нь байхаас гадна тухайн үнэт цаасыг сонирхсон иргэн, хуулийн этгээд зөвхөн арилжааны банкуудаар дамжуулан /зуучлуулан/ уг үнэт цаасыг худалдан авах болсон. Үүний дагуу санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн чиглэлийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос нэр бүхий 11 арилжааны банкинд олгосон “Харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавараар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн хүрээнд дээрх зуучлалын үйл ажиллагаа эрхлэж байсан билээ.
Харин Хөрөнгийн биржээр Засгийн газрын бонд нийтэд, тогтмол арилжаалдаг болсоноор тухайн төрлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах сонирхол бүхий иргэн хуулийн этгээдэд илүү нээлттэй боломж бүрдсэн. Мөн брокерийн компаниудаар зуучлуулан Хөрөнгийн бирж дээрээс Засгийн газрын бондыг худалдан авах, улмаар хоёрдогч зах зээлд худалдах, худалдан авах боломж нээгдсэн. Иймд Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн хурлаар Хөрөнгийн биржээр арилжаалагдаж буй Засгийн газрын бондын арилжааг идэвхжүүлэх талаар хэлэлцэж, Засгийн газрын бондод хөрөнгө оруулах сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд арилжааны банкуудаар дамжуулан Монголбанкнаас худалдан авах бус зөвхөн брокерийн компаниар дамжуулан хөрөнгийн биржээс худалдан авах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн нэгдмэл саналд хүрсэн.Харин Засгийн газрын бондын арилжааны гол оролцогчид болох арилжааны банкууд өөрийн хөрөнгөөр Засгийн газрын бондын арилжаанд оролцох боломж нь нээлттэй бөгөөд харин бусдад зуучлахгүй байх чиглэлээр зохицуулалт хийхийг Санхүүгийн зохицуулах хороонд зөвлөхөөр тус Бодлогын зөвлөлөөр тогтлоо.