Юанийн ханш буурчээ

Ам.доллартай харьцах юанийн ханш өчигдөр сүүлийн гурван сарын  доод түвшинд хүрлээ. Хятадын экспорт өнгөрсөн сард бага хэмжээгээр өссөн нь үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханшид ийнхүү сөрөг нөлөө үзүүлээд байгаа аж. Нэг жилийн өмнөхтэй харьцуулбал Хятадын экспорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 4.7 хувиар дээшилжээ. “Гадаад худалдааны үзүүлэлтүүд таамаглаж байсан түвшнээс сул байна. Экспорт бага хэмжээгээр өссөнөөс гадна импорт буурсан нь дотоодын хэрэглээ сул байгааг илтгэж буй” хэмээн Хонконг дахь “Credit Agricole”-ийн стратегич Дариуш Ковальчик тайлбарласан байна. Өчигдөр Улаанбаатарын 16.13 цагт ам.доллартай харьцах юанийн ханш өмнөх өдрөөс 0.3 хувиар суларч, 6.1715-ын түвшинд хүрлээ. Энэ нь наймдугаар сарын 22-ноос хойших хамгийн доод үзүүлэлт гэдгийг шинжээчид тэмдэглэж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.