Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдлээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ажиллах сайд нарын нэрс тодорхой боллоо. Шадар сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Эрүүл мэнд, спортын  сайд Г.Шийлэгдамба, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар гэсэн танхим бүрдэх нь тодорхой болж байна. Н.Алтанхуягийн Засгийн газарт ажиллаж байсан С.Эрдэнэ, Л.Гантөмөр нар бууриа сахиж байгаа бол бусад нь салбараа сайн мэдэх эсвэл муухан гадарлах хүмүүс гэдэгт багтана. Сайдад нэр дэвшигчид салбартаа хийх ажлаа ийн ярив.

Ж.Эрдэнэбат

 

-Санхүүгийн хүнд байдлаас улс орноо гаргахад аливаа нэг яам дангаараа төдийлөн нөлөө үзүүлж чадахгүй. Тиймээс хямралаас гарах төлөвлөгөөг бид хамтран боловсруулах нь зүйтэй гэж үзэж байна. Юуны түрүүнд хэлэхэд улсын төсвийн хувьд орлого зарлагын тэнцэл, баланс алдагдсан байгаа. Иймээс үүнийг тэнцүүлэх арга хэмжээг хамгийн түрүүнд авна. Мөн өрийн баланс, төсвийн алдагдлын хувьд төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа зөрчсөн байдалтай байна. Тэгэхээр энэ асуудлын өнөөдрийн нөхцөл байдлыг дүгнэсний дараа үүнд тулгуурлан хямралаас гарах төлөвлөгөөгөө боловсруулна.

 

У.Хүрэлсүх

-Монгол Улсын язгуур эрх ашиг, ард түмний сайн сайхан амьдралын төлөө бид бүхэн хамтарч нэг санаа бодолтой, эв эеийг сахиж эх орныхоо төлөө ажиллах хариуцлагатай үе ирсэн гэдгийг ухамсарлаж байна. Монгол Улсын Шадар сайдын ажлын хүрээнд  зургаан агентлаг байгаа. Урьд нь Онцгой байдлын асуудал эрхэлж ажиллаж байсан. Дараа нь Мэргэжлийн хяналтын сайдаар ажиллаж байсан. Энэ хоёр чиглэлийн ажлуудыг ерөнхийд нь мэднэ. Үлдсэн агентлагуудын ажлыг яаралтай судалж ажиллана гэж бодож байгаа.

 

 

С.Баярцогт:

-Ерөнхийдөө дөрвөн намаас бүрдсэн Үндэсний эв нэгдлийн Засгийн газар бүрдэж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувьд улс төрийн өргөн хэмжээний тогтвортой байдал, дэмжлэгийг Ерөнхий сайдад үзүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулна. Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд барагдуулахын тулд кабинетийг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулах үүргийг хүлээнэ. Мөн Үндсэн хуулийн нэмэлт болон Сонгуулийн хууль, Улс төрийн намын хууль гэсэн энэ улс төрийн реформын чиглэлийн асуудлуудыг дэмжиж ажиллана. Өмнө нь таны кабинетад, Их эвслийн Засгийн газрыг 2004 онд байгуулагдахад Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан туршлага, мөн 2008 оны Их эвслийн Засгийн газарт хямралын үед Сангийн сайдаар ажиллаж байсан туршлагаа кабинетийнхандаа харамгүй хуваалцаж ажиллана.

Д.Оюунхорол:

Даяаршин хөгжиж буй дэлхий ертөнц, улс үндэстнүүд байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ  баримтлаж буй хандлага  зарчмуудыг мөрдөн Байгаль орчин ногоон хөгжлийг тогтвортой хангаж ард иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулахад хичээн зүтгэж ажиллах болно. Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, ногоон бүсийг нэмэгдүүлж экологийн тэнцлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж төрийн болоод төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллана.Байгаль  хамгаалахад иргэдийн оролцоог өргөжүүлэх,  байгаль орчныг хамгаалах ногоон хөгжлийг дэмжих талаар төр хувийн хэвшил иргэд олон нийтийн байгууллагын үүсгэл санаачилгыг дэмжиж үйл ажиллагааг нь бодлогоор уялдуулах, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг тасралтгүй өсгөх гэсэн асуудлууд манай бодлогын анхаарлын төвд байх болно.

Л.Пүрэвсүрэн:

-Гадаад бодлогын салбарын нэг онцлог байгаа нь залгамж чанараа хадгалж ажиллах ёстой. Түрүү түрүүчийн Засгийн газрын гол чиглэлүүдийг үргэлжлүүлэн ажиллах болно. Дээрээс нь төрийн гадаад бодлогын нэгдмэл байдлын зохицуулалтыг хангахад онцгой анхаарч ажиллана. Ойрын зорилт гэвэл энэ онд болсон ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн айлчлалын үеэр ярьсан тохирсон зүйлийг ажил хэрэг болгох  тал дээр анхааран хэрэгжүүлэх, ОХУ болон БНХАУ-ын төрийн тэргүүн нарын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тохирсон ажлуудыг ажил хэрэг болгох тал дээр анхаарна. Гурав дахь хөршийн бодлогыг бэхжүүлэх ажлын хүрээнд энэ сарын 10-наас эхэлж буй Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг энэ жилдээ болон дараа жил өргөн дэлгэр тэмдэглэх ажлыг хангана. Энэхүү арга хэмжээ нь ардчилалд шилжих замд Монгол Улс алдсан оносон сургамжаа гурав дахь хөршийн орнуудад ойлгуулах тал дээр чухал ач холбогдолтой болно гэж үзэж байгаа. Мөн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах том зорилт бий.

Д.Дорлигжав:

-Хууль зүйн салбарт хийх шинэчлэлийн талаар ҮАБЗ-өөс сайшаагдсан хөтөлбөр бий. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд батлагдсан, өргөн баригдсан болон боловсруулж буй хуулиудыг энэ үзэл санааны хүрээнд дахин нягталж, цогц байдлаар УИХ-д өргөн барьж, хаврын чуулганаар батлуулах зорилт тавин ажиллана. Энэ жил Хууль зүйн сайдын багцад батлагдсан хөрөнгө оруулалтыг оновчтой болгож, захиран зарцуулалтыг хийх болно. Хуулийн салбарын боловсон хүчний мэргэжлийн, ёс зүйн, удирдах арга барилын давтан сургалтыг эрчимтэй хийх шаардлага байгаа. Хууль зүйн салбарын бүтцийг оновчтой болгож, ажил үүргийн хуваарийг давхцуулахгүй болгох тал дээр ажиллана.

 

Д.Цогтбаатар:

-Хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулах болсонд би баяртай байгаа. Ялангуяа хямралын үед ингэж ойлголцож хамтран ажиллах нь эдийн засгаа сэргээх хамгийн чухал алхам билээ. Хямралын нөхцөлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний богино хугацааны нэгдсэн төлөвлөгөөг нэн түрүүнд гаргах хэрэгтэй. Ингэснээр бид нөөц боломж, эрсдлээ үнэлэн дараагийн алхмаа хийнэ. Монгол төрийн түвшинд яригдаж эхэлж байгаа шинэлэг зүйл бол баримтад суурилсан шийдвэр гаргах механизм юм. Тэгэхээр нөхцөл байдлаа зөв дүгнэж байж дараагийн арга хэмжээг авах ёстой.Өнөөгийн нөхцөл байдал их эмзэг гэж дүгнэж байгаа. Тиймээс энэ салбарыг цочирдуулахгүй, үйл ажиллагааг нь дэмжих, үргэлжлүүлэх тал дээр анхаарна гэж бодож байна. Энэ бол богино хугацаанд авах арга хэмжээ. Мөн барилгын байгаль орчинд ээлтэй, өртөг багатай шинэлэг технологи нэвтрүүлэх тал дээр ажиллана. Бусад ажлыг мэргэжлийн хүмүүстэй ярилцаж байж шийдвэрлэнэ.

 

Л.Гантөмөр:

-Боловсролын салбарт сүүлийн хоёр жил хэрэгжүүлсэн бодлогоо үргэлжлүүлнэ. Үүний үр дүнг бид богино хугацаанд харна гэж үзэж байгаа. Ялангуяа хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, багшийн хөгжлийн бодлогын үр дүнг бид ойрын ирээдүйд харна гэдэгт итгэлтэй байна. Хоёрдугаарт, эдийн засгийн хямрал, өнөөгийн нөхцөл байдлыг харахад Монгол Улс шинжлэх ухаанд суурилсан мэдлэгийн эдийн засаг руу шилжих шаардлага байгаа. Үүний суурийг бид үлдсэн хугацаанд бид тавьж чадна гэж үзэж байгаа.Гуравдугаарт, энэ яаманд соёлын асуудал  ирж байгаа. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байсан монголчууд олуулаа болохын тулд монгол соёлыг өвлөх, уламжлах, дэлгэрүүлэх бодлогуудыг цаашид үргэлжлүүлэн баримтална.

Р.Жигжид: 

- Уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилд  хууль, эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр хийж ирсэн ажлууд, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлоготой болсон.  Долоо, найм орчим хууль шинэчлэгдэн батлагдсан. Эдгээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд голлон анхаарч ажиллана. Тухайлбал, энэ хуулиудын хүрээнд ашигт малтмалын хайгуулын  тусгай зөвшөөрлийг олгох хүрээнд ажлууд бий. Үүнийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна. 106 зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж эхэлсэн ажил явж байгаа. Ашигт малтмалын салбараас эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулах том төслүүд болох Оюутолгой, Тавантолгой зэрэг төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах тул үүнд түлхүү анхаарч ажиллана. Мөн түүнчлэн нүүрс боловсруулах чиглэлээр, тухайлбал, хий гаргах, шингэрүүлэх, хуурай аргаар баяжуулах гэх мэт чиглэлд анхаарч ажиллана.

С.Чинзориг:

- Энэ салбарт шударга, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан ажиллана. Хөдөлмөрийн салбар өөрөө салбар дундын олон зохицуулалт шаардсан салбар. Тэр утгаараа кабинетын зарчмаар ажиллана. Эдийн засгийн хямралтай холбогдуулан ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авна. Ажлын байрыг хадгалах, иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаа үед орлогыг нэмэгдүүлэх, орлогын зөрүүг ойртуулах талаар арга хэмжээ авч ажиллана. Бүх намууд хамтарч засаг барьж байгаа энэ үед хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ажиллана.  Ялангуяа нэг нам засаг авахаараа төрийн албыг бужигнуулдаг. Энэ нь засаглалын хямралд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.  Энэ чиглэлд болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл буурахгүй байгаад анхаарч хууль тогтоомжид өөрчлөлт оруулахад анхаарч ажиллана.

С.Эрдэнэ:

-Саяхан Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах цогц бодлогын баримт бичгийг УИХ-д өргөн барьсан. Мөн нийгмийн хамгааллын тал дээр чухал асуудлууд бий. Ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй өнөө цагт хүн амын нийгмийн хамгааллын бодлогыг эрс сайжруулах зайлшгүй шаарлагатай. Нийгмийн халамжийн чиглэлээр хийж буй шинэчлэл, нийгмийн даатгалын тогтолцоог  шинэчлэх, эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулж ажиллана. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал, хүний хөгжлийг анхааран ажиллаж хүн амын хөгжлийн бодлогыг сайжруулах ажлууд дээр гол анхаарал хандуулж ажиллана.

 

Р.Бурмаа:

 

-Энэ салбар Монгол Улсын хөгжилд нөлөөтэй төдийгүй стратегийн чухал салбар.  Энэ салбарыг эдийн засгийн хямралаас хамгаалах, гаргах нөөц боломжоо бүрдүүлж хямралыг даван туулахад анхаарна гэж үзэж байгаа. Уг салбарт талуудын оролцоог хангах, мэргэжлийн судалгаа зөвлөмжийг ашиглахад түшиглэн ажиллана. Салбарын чиглэлээр УИХ-д өргөн баригдсан хуулийн төслүүд дээр ажиллаж илүү боловсронгуй болгох талаар ажиллаж, энэ салбарт хийгдэж ирсэн ажлуудыг үргэлжлүүлэн ажиллах болно.

 

 

Н.Төмөрхүү:

-Хууль эрх зүйн хүрээнд Төрөөс төмөр замын салбарт баримтлах бодлого, авто замын сүлжээ үндсэн трассын бодлого батлагдсан. Үүнийг үргэлжлүүлэн ойрын хугацаанд аймгийн төвүүдийг авто замаар холбох болон төмөр замын ажлуудыг яаралтай хийх хэрэгтэй байгаа. Энэ нь улс орны эдийн засагт их нэмэр тулаас болно. Энэ салбар нь Төмөр зам, авто зам, иргэний агаарын тээвэр гээд салбаруудтай. Энэ салбаруудыг мэргэжлийн хүмүүсээр удирдуулна. Замын чанар, стандартыг Евро стандартад нийцүүлэх, шилжүүлэх, Монголын уур амьсгал, цаг уурын нөхцөл байдалд тохирсон сайн замыг  бүтээн байгуулах нөхцөлөөр хангах хүрээнд дэмжиж ажиллана. Төрөөс баримталж буй бодлогыг үргэлжлүүлж, чанарын өндөр төвшинд хүргэнэ.

Д.Эрдэнэбат:

-Аж үйлдвэрийн яам манай орны хөгжлийн стратегийг тодорхойлох ёстой. Энэ яамыг маш богино хугацаанд зохион байгуулж, мэргэжлийн боловсон хүчнийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллана. Монголын экспортыг нэмэгдүүлэх, импортыг хязгаарлах чиглэлийн дагуу аж үйлдвэрээ хөгжүүлэх, цэгцтэй удирдлага зохион байгуулалтыг бүрдүүлэх тал дээр төвлөрч ажиллана. Ямар ч байсан жил зургаан сарын хугацаанд Аж үйлдвэрийн яам Монгол Улсад хэрэгтэй байсан юм байна. Дотоодын хүнд хөнгөн үйлдвэрүүдээр дамжуулан экспортоо нэмэгдүүлэх боломжтой юм байна гэсэн ойлголтыг ард түмэнд төрүүлэхийн төлөө чармайн ажиллах болно.

 

Д.Зоригт :

- Энэ салбар онцлогтой салбар. Миний бие УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд зургаан жил ажиллаа. Энэ салбарын хууль эрх зүйн салбарын шинэчлэлийг сайжруулахад оролцож байсан. Энэ салбарууд миний харж байгаагаар онцлогтой. Дунд , урт хугацааны зарим асуудлыг зайлшгүй шийдэх ёстой. Энэ салбарт төрөөс тодорхой хэмжээгээр зохицуулалт хийж, салбарын хөрөнгө оруулалтын орчинг нээлттэй болгож чадахгүй байна. Хоёрдугаарт, энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа салбар байгууллагууд төрийн өмч давамгайлсан үр ашиг, менежментийн талаар тодорхой шаардлага хангахгүй байнга шүүмжлэлд өртөж байгаа.  Засч залруулах зүйлүүд бий, түүнийг засна. Том цахилгаан станцууд, Тавантолгой, гурав, дөрөв,тавдугаар станц, Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станц зэрэг ажиллаж байгаа төслүүдийг залгамжлуулан ажиллана. Ойрын хугацаанд энэ салбарын түлш, эрчим хүчний найдвартай байдал чухал байна

М.Энхсайхан:

-Миний нэрийг Монгол Улсын сайдад өргөн барьж байгаад талархаж байна. Хариуцах асуудал бол Монголын нийгэмд тулгамдаад байгаа эдийн засагт зайлшгүй шийдэх ёстой томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд би өөрийгөө дайчилж ажиллах болно. Гол нь Оюутолгой, Тавантолгой, төмөр зам гээд улс орны цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой томоохон төслүүд нарийн арга зүй шаарддаг. Монголын хувьд энэ нь анхдагч төслүүд учраас алдаж онохын зовлонг бид туулж явна. Тиймээс үүнийг шийдвэрлэхэд миний өчүүхэн туршлагыг ашиглая гэж надад хандсан болов уу гэж бодож байна. Та бүхний итгэлийг дааж ажиллах болно.

 

Ц.Цолмон:

- Манай улс төрийн бүх хүчнүүд бүгд ойлголцдог нэгдсэн бодлого, концепциор Батлан хамгаалахын яам явж байгаа. Энэ бодлогын хүрээнд бид ажиллах болно. Батлан хамгаалахын бодлогод сүүлийн үед шинэчлэл хийгдэж, боловсруулж байгаа зүйлүүд бий. Үүнтэй УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга байхдаа танилцаж, энэ чиглэлийг дэмжиж байсан. Энэ концепциуд шинэчлэгдэж батлагдаад явахад гар бие оролцож хичээн ажиллана гэж бодож байна.Мөн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн шууд удирдлагын дор заавар зөвлөгөөг авч ажиллах ёстой албан тушаал. Иймээс Засгийн газрын бодлого, Ерөнхийлөгчийн чиглэл, үүргийн дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчнийг улам бүр бэхжүүлэх, техникийн болон бусад чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр санаачилга, чармайлттай ажиллана.

 

 

Г.Шийлэгдамба:

- Улс орон нийгэм эдийн засгийн ихээхэн хүндрэлтэй олон асуудлыг давж шийдвэрлэх ёстой энэ цаг үед Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллах хариуцлагатай үүрэг ногдож байгааг ухамсарлан ойлгож байна. Эрүүл мэндийн салбарын хувьд товчхон хэлэхэд энэ салбарын үр дүнтэй, зохистой удирдлага, шуурхай, хариуцлагатай, найдвартай үйл ажиллагаа, зөв үр дүнтэй санхүүжилт гэсэн ийм гурван чиглэлд энэ салбарын өмнө явуулж ирсэн бодлогыг үргэлжлүүлэх, түүнчлэн саяны томъёолсон гурван асуудалд илүү анхаарал хандуулж ажиллах болно. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, үүн дотроо Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг цааш нь гүнзгийрүүлэхэд салбарын сайдын хувьд Засгийн газрынхаа нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлаж, ард иргэдийнхээ санал хүсэлтийн дагуу ажиллана” гэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • рагарг (150.129.140.84)
    АН-ынхан үнэхээр таалагдахгүй байна даа. Гантөмөр гээд нэг ярихаас цаашгүй хүний өөдөөс хардаггүй, хүнтэй уулздаггүй нөхөр тэр халзан хүүхэнтэйгээ Мүний шашны сүмд суувал таарна.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • ханана (150.129.140.84)
    Д.Цогтбаатарын зураг биш байна. МАХН нэртэй луйварчдад сайд хийх хүн байхгүй юм байна. Цолмон ичдэггүй юм байх даа. Эрдэнэ гэдэг дарамтлагчаас салах цаг ирэхгүй л юм байх даа. тэнэг бүдүүлэг халзан эрдэнэбатаар залуу ЕС юугаа хийдэг байна аа.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах