Монголын хөрөнгийн биржийн “Бүртгэлийн журам” шинэчлэн батлагдсан. Үүнтэй холбогдуулан биржид бүртгэлтэй хувьцаат компаниудыг I, II, III гэсэн шинэ ангилалд хуваажээ. Ингэснээр Монголын хөрөнгийн биржийн I ангилалд компани байхгүй. Харин II ангилалд 89 компани багтаж, III ангилалд 148 нэр бүхий компани багтах болсон байна. Бүртгэлийн I ангилалд компанийн засаглалын зарчмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, мөрдлөг болгон ажилладаг, зах зээлийн үнэлгээ өндөртэй, хөрвөх чадвар сайтай, нэр хүндтэй хувьцаат компаниуд багтах аж. Тэгвэл II ангилалд үнэ цаас нь биржээр тогтмол арилжигддаг, компанийн зах зээлийн үнэлгээ нь тодорхой шалгуурыг хангасан, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг компаниуд бүртгэгдэж байгаа юм. Харин III ангилалд эрсдэл өндөртэй жижиг дунд хэлбэрийн компаниуд, 100 хувь төрийн өмчит хувьцаат компаниуд болон Санхүүгийн зохицуулах хорооноос арилжааг нь зогсоогоод байгаа арилжааны идэвхи сул компаниуд багтаж байна.