“Цэвэр агаар сан”-гийн гэх тодотголтой хэрэгт холбогдсон Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн охин А.Саранзаяагийн өмнө АТГ хүчин мөхөсдсөн гэнэ. Түүнийг эрүүгийн хэрэгт татан шалгаж, буруутай гэдгийг нь тогтоон дээрхи газраас Нийслэлийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн ч хавтаст хэргийг нь “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар АТГ-ынханд Дүүргийн I прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг шилжүүлсэн аж.
Ийнхүү энэ хэрэгт эрх мэдэлтэй албан тушаалтнууд дээрээс нөлөөлж, хүчгүйдүүлж, мөрдөн байцаагчдыг мөхөсдүүлж хэрэгсэхгүй болгосон гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.
Эл хэргийг эргэн сөхвөл, А.Саранзаяа нь Сангийн яамны Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа хуурамч баримтаар их хэмжээний мөнгө “Цэвэр агаар сан”-гийнханд олгосон хэрэгт холбогдсон. Тэрбээр хуулбарласан баримтаар гүйлгээ хийснийхээ дараа ажлаасаа гэнэт гарсан гэдэг. Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлд заасны дагуу албан тушаалтан ажил үүрэгтээ хайнга хандсанаас хохирол учирсан гэж түүнийг буруутгаж байсан билээ.