МУГЖ С.Жавхлан эхнэртэйгээ хамтран тоглолт хийнэ

Шинэ жилийн баярын уур амьсгал хаа сайгүй оржээ. Манай урлаг соёлынхон ч хоолойгоо тордож хичнээн байгууллагын шинэ жилд уригдан, ямар ханшаар дуулахаа бэлтгэж буй нь тодорхой. Энэ үеэр МУГЖ дуучин С.Жавхлан эхнэр Г.Эрдэнэчимэгийн хамт шинэ жилийн баярын ямар нэгэн арга хэмжээнд оролцохгүй болсон талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр “Эдийн засгийн хямрал ихтэй үед сая саяар нь мөнгө үрж байхаар хоол хүнсгүй иргэдэд энэ мөнгөө зарцуулъя” хэмээн уриалж буй юм. Ингэхийн тулд халтуур хийхгүйгээр хандивын тоглолт хийж, олсон орлогоо Увс аймгийн эмзэг бүлгийн 390 өрхөд хандивлахаар болсон байна.

Тэрээр “Монголын хямрал баяраас баярт явчихаад байна. “Гацуурын баяр” гэж сагсуурсан, хоосон хөөсөнд хамаг юмаа зарцуулдаг ийм хачин юмнаасаа энэ жилдээ татгалзцгаая. Тархины тураал улс төрд, гэдэсний тураал нийгэмд бий болчихоод байна.

Увс аймгийн төвд л гэхэд 390 өрх идэх хоолгүй байна гэсэн судалгаа гарсан. Аймаг орон нутгаас тэдэнд хоолны талон олгох маягаар аргацааж байна. Увс аймгийн 390 өрхөөр дундажлан тооцоход нийслэлд наад зах нь 2280 өрх өлсгөлөнд нэрвэгдэж байгаа юм. Тиймээс шинэ жилийн баяраас бүгд татгалзаж, шинэ жилд үрдэг мөнгөө ходоод нь хонхолзож яваа хүүхдүүдэд зарцуулъя” гэлээ.

МУГЖ С.Жавхлангийн “Монгол өлсөх учиргүй” тоглолт 12 дугаар сарын 12-нд 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох юм байна. Тэрээр санаачлан хэрэгжүүлж буй уг ажилдаа Увс аймгийн нутгийн зөвлөл болон элэг нэгт хүн бүрийг хамтран ажиллахыг урьж байгаа аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (112.72.13.233)
    Demjij baina, zuv shuu. Ta 2t amjilt husie.
    2014 оны 12 сарын 12 | Хариулах