Дундговь аймгийн ИТХ-ын дарга хууль зөрчжээ

Улс орон даяар төсвийн төслийн хэлэлцүүлэг өрнүүлж, хаана юу хийж бүтээхээ, ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээ ярилцаж байна. Ингэх ч учиртай. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг шүү дээ. Засгийн газраас нийслэл, орон нутгийн удирдлагуудад төсөв танах, илүү зардлаа хэмнэхийг үүрэгдсээр ирсэн. Өөрөөр хэлбэл, 2014 оны төсвийг хот, хөдөөгүй үрэлгэн зарцуулсан гэж үзэж байгаа юм. Найр наадам, бооцоот уралдаан, дарга нарын унах унаа бүгд “Шинэчлэгдсэн” гэж хэлж болно. Хангалуун төсвөөр улс оронд нэн шаардлагатай бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийхийн оронд албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын төсвийг өөр зүйлд зарцуулсан тохиолдол газар авсныг АТГ-аас удаа дараа онцолж байгаа юм. Эдүгээ орон нутгийн төсвийг хууль бусаар зарцуулсан асуудлаар хэд хэдэн аймгийн удирдлагууд хуулийн байгууллагад шалгуулж байна. Тухайлбал, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид төсөвт өөрчлөлт оруулж, зориулалтын бус худалдан авалт, төсвийн хуваарилалт хийх зөрчил цөөнгүй гарч байгаа аж. Үүний нэг жишээ нь Дундговь аймаг юм. Тодруулбал, Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Буджавын гарын үсэг бүхий 2014 оны долдугаар сарын 8-ны өдрийн 07 дугаар тогтоолоор 2014 оны аймгийн төсөвт өөрчлөлт хийжээ. Энэ нь Төсвийн тухай хуулийг зөрчиж байгаа юм. Ингэхдээ “Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь заалтыг үндэслэн аймгийн ИТХ-аас тогтоох нь” гэжээ. Гэтэл дээрх хуулийн заалтаас хальж, энэ хуулийн 29.7-д заасан үндэслэл ч бий болоогүй байхад аймгийн иргэдийн хурлаар нэгдүгээрт эрэмбэлж, төсвийг нь баталсан Мандалговь хотын төвд шинээр засмал зам барихаар төсөвлөсөн1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг цуцалж, өөрсдийн эрх ашигт тааруулан долдугаар тогтоолын дөрөв гэх тодотгол нэртэй жагсаалт үйлджээ. Энэ нь төсвийн тодотгол биш харин улсын төсвийн бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгө оруулалтын төсвийг ИТХ-ын төлөөлөгчид дур мэдэн өөрчилж, Төсвийн тухай хуулийг санаатай зөрчсөн гэмт хэргийн үйлдэл юм. Шинээр баталсан долдугаар тогтоолын задаргааг авч үзвэл, аймгийн төвийн баруун хойно, зүүн өмнө хоёр ч байршилд цэнгэлдэх хүрээлэн байсаар атал шинээр барина хэмээн389.9 сая төгрөг, мөн“Мандалговь-50” цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөл гаргахад 120 сая, аймгийн Засаг даргын Тамгын газар болон сумдын Засаг ноёдын унах унааг шинэчлэхэд463.9 сая төгрөг, Чех улсад сургалтын зардалд50 сая төгрөг гэх мэтээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ямар ч үндэслэлгүй ажлыг“Аймгийн2014 оны орон нутгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний тодотголын жагсаалт” хэмээх сайхан нэр өгөөд баталчихжээ. Ийнхүү улсын төсвийг өөрсдийн эрх мэдэлд тохируулан баталсан аймийн ИТХ-ын “Луйварчид” дээрх сургалтын зардал гэж тодотгосон 50 сая төгрөгөөрөө Чех улсад наадаж явна. Тодруулбал, аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ дээрх тодотголыг дэмжиж, гар өргөсөн12 төлөөлөгчөө дагуулаад арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын4-ний хооронд Европын орноор зугаацаж яваа баримтыг сөхлөө. Ингэхдээ тэд зүгээр ч нэг зугаацаагүй болохыг эх сурвалж өгүүлж байгаа юм. Аймгийн2015 оны хөрөнгө оруулалтын төсвийн төслийг хэлэлцэх ИТХ-ыг арванхоёрдугаар сарын 5-нд хийх шийдвэр гаргачихаад харьд одсон байх юм. Өөрөөр хэлбэл, гадаадад очиж ирэх жилийн төсвийн төслөө боловсруулж яваа юм байх. Уг нь 2015 оны төсвийн төслийг аймгийн Засаг дарга жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-ны дотор ИТХ-д өргөн барих хуультай. Ингээд аймгийнхаа иргэд, сонгогчдоос санал авч хэлэлцүүлдэг биш бил үү. Гэтэл Дундговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид энэ зарчмыг умартаж, өөрсдийн дур зоргоор баталсан төсвийн төслөө Чех улсаас ирснийхээ маргааш буюу арванхоёрдугаар сарын 5-нд алх цохиод л баталчихна гэж ам бардам хэлээд холын аянд мордсон сурагтай. Аймгийн ИТХ-ын дарга С.Буджав Чех улсад элэгтэй байдаг нь бас учиртай гэнэ. Тэрбээр өнгөрсөн хавар тус улсад “айлчилж” ирээд аймгийн төсөл хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг орон нутгийн иргэд, малчин, тариаланчдаар биш Чех улсын иргэдээс асууж эрэмбэлэх нь ирээдүйтэй гэх явуургүй санаа өвөрлөж ирсэн байна. Энэ эрчээрээ аймгийн Засаг дарга, ИТХ-ын Тэргүүлэгчидтэйгээ нийлж улсын төсвийн хөрөнгө оруулалт руу гар сунгасан бололтой. Чехэд очиж боловсруулахаар явсан2015 оны аймгийн орон нутгийн хөгжлийн сан болон хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бараа ажил үйлчилгээ, төсөл хөтөлбөрийн саналын жагсаалт нь эрхгүй сонирхол татахаар байгаа юм. Уг жагсаалтад тусгасан шилжих хөрөнгө оруулалт гэх 10.7 тэрбум төгрөг нь 2014 онд хийж хэрэгжүүлэх ёстойгоос огт хэрэгжүүлээгүй бүтээн байгуулалтууд байх шиг. Харин шинээр хөрөнгө оруулалт хийх8.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтдаа цэцэрлэгт хүрээлэнд 1.4 тэрбум, 3D cinema театр байгуулахад 0.5 тэрбум, аялал, жуулчлалд 2.24 тэрбум гэх мэтчилэн жагсаажээ. Гадна, дотны жуулчдын нүд хужирлах үлэг гүрвэлийн музейг тус аймгийн Адаацаг сумын нутаг дахь Сүм хөх бүрдэд байгуулахаар ийнхүү улсын төсөвт 1.85 тэрбумыг суулгасан бололтой. Магадгүй Америк улсын хил даваад буцаж ирсэн Ц.Оюунгэрэл сайдын бяцхан Батааруудыг агуулах савгүй талаар мэдээлж байсан. Тэгвэл тэднийг тус газарт байршуулахыг үгүйсгэхгүй юм. Мөн юунд зарцуулах нь тодорхойгүй төсөл хөтөлбөр, үйл ажиллагаанд1.15 тэрбум төгрөг тавьжээ. Үүнд сонгогчид нь“Аймгийн удирдлагуудын дараа жил гадаадад очиж хуралдах төсөв нь байх” хэмээн бухимдаж байгаа сурагтай. Мөн ирэх жилийн аймгийн төсөвт300 үнээний ферм байгуулахаар тусгажээ. Гэтэл тус аймгийн эргэн тойронд одоогоор10 гаруй үнээний ферм ажиллаж байна. Эдгээр фермүүд сүүгээ борлуулж чаддаггүй. Аймгийн төвд орж ирээд“Сүү аваарай” гээд л зогсч байдаг. Өөрөөр хэлбэл, одоо байгаа фермүүдээ дэмжиж, сүүн бүтээгдэхүүн хийх үйлдвэр байгуулахын оронд дахиад гаднаас сүүний чиглэлийн үхэр авчирч ферм байгуулна гэж буй нь“Бай”-гаа олоогүй хөрөнгө оруулалт гэлтэй. Үүнд нэг тэрбум төгрөг төсөвлөсөн нь анхаарал татна. Өнөөдөр нэг тэрбум төгрөгөөр300 үнээний иж бүрэн ферм байгуулна гэвэл хэнд ч үнэмшилтэй санагдахгүй. Үнэндээ300 тугал агуулах байр ч бэлтгэж хүрэхгүй төсөв юм. Мөн хүн ам цөөтэй тус аймагт дахин шинээр телевиз байгуулахаар120 сая төгрөг төсөвлөсөн байдаг. Энэ нь ард түмэнд тийм ч тулгамдсан асуудал биш байлтай. Магадгүй дараагийн сонгуулийн сурталчилгааны хэрэгслээ бэлдэж байхыг ч үгүйсгэх аргагүй л дээ. Ийнхүү орон нутагт Төсвийн тухай хуулиар яаж даажигнаж, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зардалд өөрсдийн эрх мэдлээр зарцуулж байгааг хууль хяналтынхан анхааралдаа авах цаг нь болсон байна. Тэд ард түмний саналаар иргэдээ төлөөлж, нутгийн удирдлагад гарчихаад эргээд тэднийг хэн ч биш байдлаар хардаг хандлага газар авч байна. Тэр дундаас Төсвийн тухай хуулийг дур мэдэн өөрчилж, дахин тодотгол хийж, найр наадам санхүүжүүлдэг байдал хавтгайрах шинжтэй байна.


2015 онд Орон нутгийн хөгжлийн сан болон хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бараа ажил үйлчилгээ төсөл хөтөлбөрийн саналын жагсаалт

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.179.20.242)
    БУДЖАВ ГЭЖ ЛУЙВАРЧИН ЗАЙЛ
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.20.242)
    ДУНДГОВЬ АЙМАГ ХӨГЖИХГҮЙ БАЙГАА ШАЛТГААН ЭНЭ
    2014 оны 12 сарын 12 | Хариулах