2012-2014 онд нийслэл хотод 80.1 км авто зам шинээр барьж, 144.7км авто замыг өргөтгөн шинэчилж, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулсан. Мөн 44 хөдөлгөөн зохион байгуулах гэрлэн дохио, 7 хяналтын камер шинээр суурилуулсан гэх мэт олон арга хэмжээ хэрэгжүүлсэн юм. Гэсэн ч хүн амын хэт нягтрал, тээврийн хэрэгслийн тоо байнга өсч байгаа, бүх байгууллагуудын ажил 08.00 цагт эхлэж байгаа нь ажил цуглах, тарах үеийн замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж түгжрэл үүсгэх үндсийг бий болгож байна.
Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/02; А/682 дугаар захирамжаар батлагдсан “Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс Улаанбаатар хотод байршилтай төрийн болон төсөвт байгууллагууд, их, дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийн хуваарьтай уялдуулан орон зай, хугацаа, хөдөлгөөний өөрчлөлтийг тухай бүрт хийж байх эрхийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлэх асуудлыг хэлэлцүүлэхээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралд өргөн барьсан юм. Ажлын хэсгийн хүсэлтийг НИТХ 11-р сарын 27-ны ээлжит хурлаар хэлэлцэн тус эрхийг НИТХ-ын Тэргүүлэгчдэд шилжүүллээ. Ингэснээр ажлын хэсэг утсаар болон цахимаар сургууль цэцэрлэгийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлж буй иргэдийн саналыг тухай бүрт шийдвэртээ тусгах боломж бүрдэж байгаа юм. Цагийн хуваарьт оруулахаар бол зохицуулалт нь 9 сараас 5 сар хүртэл үргэлжлэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.