Хүнд сурталаараа ЭМЯ 3 жил дараалан тэргүүлжээ

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-аас хоёр жил дутам иргэдийн дунд судалгаа явуулж, төрийн байгууллагын хүнд суртлын индексийг тодорхойлдог. Тэд 2014 оны судалгааны дүнгээ өчигдөр танилцууллаа.

3.1 Яамдын хүнд суртлын индекс- 2014

Судалгааны дүнгээс үзэхэд Эрүүл мэндийн яам судалгаанд оролцогчдын 48.98 хувийн саналаар хүнд суртлаараа тэргүүлсэн бол 25.86 хувийн саналаар Боловсрол шинжлэх ухааны яам удаалжээ. Тэдний араас Хууль зүйн яам, Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам жагссан байна.

Ийнхүү Эрүүл мэндийн яам нь хүнд суртлаараа гурван жил дараалан нэгдүгээр байрт оржээ. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн яам иргэдэд үйлчлэх, тэдний эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ биелүүлэхдээ хүнд суртал гаргаж, чирэгдэл учруулдаг гэж иргэд дүгнэсэн байна.

Мөн АТГ-аас Эрүүл мэндийн нэмэлт төлбөрийн зохицуулалтыг сайжруулах арга хэмжээ авах, мөн авлигын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тайлангаа ирүүлэхийг шаардсан ч мөн л хоёр жил хугацаа хоцруулж ирүүлсэн байна.

Түүнчлэн яамны харьяа агентлагуудын дунд судалгаа явуулахад мөн л сум, дүүргийн эмнэлгүүд хүн суртлаараа тэргүүлжээ. Мөн судалгааны байгууллагуудын “Хамгийн сүүлд хэнд авлига өгсөн бэ” гэсэн асуултад “Эмч, эрүүл мэндийн байгууллагад” гэсэн хариулт зонхилж байгааг онцолж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.