Сүүдрийн засгийн газар байгуулна

Парламентад суудалгүй намууд сүүдрийн Засгийн газар байгуулах гэнэ. Энэ талаар тус намуудын төлөөлөл болох Иргэний хөдөлгөөний нам, Ногоон нам, Бүгд найрамдах нам, Хамуг Монголын хөдөлмөрийн намын удирдлагууд мэдээлэл хийлээ.

Тэд “АН засаг төр удирдан жолоодох чадваргүй гэсэн нэрийн дор УИХ-ыг сөрөг хүчингүй болгох зорилт тавин УИХ-д суудалтай бүх намын төлөөллийг хамарсан шуурхай Ерөнхий сайдтай шийдлийн Засгийн газрыг байгуулахаар улайран хөөцөлдөж буй өнөө үед парламентад суудалгүй улс төрийн хүчнүүдээс  улс нийгмийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа шүн ухамсарлан, төр засагт хөндлөнгийн хяналт тавих, улс эх орноо зөв голдрилд оруулах чадвар, чадавх болон боломжоо харуулах үүднээс “Сүүдрийн Засгийн газар” байгуулж байгаа” гэв. Тиймээс нам бүр салбар салбарын чиглэлээр хяналтын үүргийг гүйцэтгэх гэнэ.

Тухайлбал,  Монголын Ногоон нам аялал жуулчлал, байгаль орчин, соёл урлаг спортын хороог хянах бол Хамуг Монголын Хөдөлмөрийн нам эрчим хүч, уул уурхай дэд бүтэц, боловсрол, Иргэний хөдөлгөөний нам нийгмийн хамгаалал хөдөлмөр, эдийн засаг, гадаад харилцаа, эрүүл мэнд, Бүгд найрамдах нам үйлдвэр, худалдаа, хөдөө аж ахуй, Уламжлалын нэгдсэн нам батлан хамгаалах, хууль эрх зүйн салбарыг хянах гэнэ.  Парламентад суудалгүй намуудын төлөөлөлтэй зарим УИХ-ын гишүүд хамтран ажиллахаа мэдэгдээд байгаа аж. Түүнчлэн намуудаас төлөөлөл орохоо илэрхийлсэн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.