Нэр төрд дурлагсад буюу миний ичингүйрэл
2014 оны Дэлхийн шилдэг эрдэмтэн Монгол хүн тодорлоо гэх мэдээг сонсоод эхлээд бахархалаа, дараа нь гайхлаа, эцэст нь ичингүйрлээ. Гэхдээ түүний өмнөөс биш л дээ харин түүнийг хэвлэн нийтэд тараасан мэдээллийн байгууллагын өмнөөс.
Миний бие эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэдэг төрийн өмчийн их сургуульд удирдах алба хашдаг бөгөөд манай сургуульд нэгэн түм гаруй оюутан судлаачид, мянга орчим эрдэмтэн мэргэд ажиллаж эрдэм судлалын бүтээлээ туурвидаг юм л даа. Тэдэнд зөв мэдээлэл хүргэх нь миний үүрэг бас хариуцлага учраас ийм дэмий зүйл тэрлэж цаас, цаг гарздаж байна.
Хүн ямар шагналд нэрээ дэвшүүлж юу авах нь тэр хүний хэрэг боловч мэдээллийн зуунд амьдарч буй бид зөв мэдээллээс арай л зайтай байна уу даа. Энэхүү нэр хүндтэй шагналыг Дэлхийн ШУА-иас (World Academy Sciences) олгосон гэсэн байх юм. Ийм байгууллагыг та хаанаас ч хайгаад олохгүй. Харин гуравдагч орны ШУА (TWAS-Third World Academy Sciences) гэх байгууллагаас олгосон байх боломжтой боловч энэ тухай мэдээлэл огт байхгүй нь гачлантай. Уг нь тэр зөв явбал муугүй сэтгэгч байж мэднэ. Энэ ч яах вэ. Миний эгдүүцэл, ичингүйрэл зэрэг төрөөд байгаа зүйл бол эрдмийн зэрэг цолыг арай л ёсзүйгүй хэрэглэсэн байна. Тэр Дэлхийн болон АНУ-ын ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор, профессор юм байна. Дэлхийн ШУА гэдэг байгууллага байхгүй, АНУ-ын ШУА хувь хүнийг биш зөвхөн байгууллагыг гишүүнээр элсүүлдэг гэдгийг мэддэггүй юм байж дээ хөөрхий. Генерал болохыг мөрөөддөггүй цэрэг байдаггүй гэдэг шиг профессор гэдэг эрхэм хүндтэй цолыг хүртэхийг хүсдэггүй судлаач, эрдэмтэн, их, дээд сургуулийн багш гэж байхгүй. Уг нь дэд профессор, профессор гэдэг цол нь шавь төрүүлсэн багш хүнд олгодог цол гэхдээ их өндөр босготой.
Түүнд “Ач” АУДэС дэд профессор цол олгосон гэх. Тэр “дэд” гэдэг үгийг нь мартаад эсвэл андуураад өөрийгөө том профессор гэж өргөмжлөх.
"Уг нь 3-аас доошгүй магистр, 2-оос доошгүй докторын эрдмийн ажил удирдаж хамгаалуулсан,ЭШ-ний байгууллага болон Их, дээд сургуульд 15-аас багагүй жил үр бүтээлтэй ажилласан багш хүнд олгодог цол юм л даа."
Энэ эрхэм цолыг хэн нэгэн зүгээр л нэрнийхээ өмнө дураараа хэрэглээд байгаад нь ичингүйрээд байх юм. Яг үнэндээ тэр магистр ч хамгаалаагүй юм шүү дээ (удирдагч багш нь дипломыг нь бичиж, бусдаас учирлаж гуйгаад нэг тиймэрхүү парадокс юм болсон санагдана. Тэр өөрөө ч байгаагүйг олон хүн санаж байгаа гэж итгэж байна).
"Ер нь хаана хяналт, хариуцлага сул байна тэнд л зарим нэг нь дураараа дургидаг шүү дээ. Тэгэхээр бид өөрсдөө буруутай юм биш үү. Харин Ерөнхийлөгчийн шагнал авсан гэдэг нь үнэн. Учир нь тэр өөрийгөө тодорхойлоод маш сайн хөөцөлдсөн, түүнийг дэмжиж байсан академич хүртэл байсан юм шүү. Харин түүний тарыг таниад академич багш маань түүнээс зайгаа авсан сураг дуулдана лээ. Тэр монголын шинжлэх ухаанд ямар хувь нэмэр оруулсан бэ гэж ШУА-иас асуумаар байна."
Тэр хэдэн шавь төрүүллээ гэж дэд профессор цол олгосон бэ гэж “Ач” АУДэС-иас асуумаар байна. Тэр хавдрын эсрэг ямар шинэ эм нээсэн юм бэ гэж ЭМЯ-аас асуумаар байна. Тэр хавдартай хэдэн өвчтөн амжилттай эмчилж, оношлосон бэ гэж ХСҮТ-өөс асуумаар байна. Тэр ямар эрдэм шинжилгээний төсөл үр дүнтэй хэрэгжүүлсэн бэ гэж ШУТС-аас асуумаар байна.
Тэгээд ч улс төрч болох гэж сонгуульд нэрээ дэвшүүлдэг шилдэг эрдэмтэн гэж та сонссон уу. Яамны төрийн нарийн бичгийн дарга эсвэл эмнэлгийн дарга болох гэж хор найруулж явдаг шилдэг эрдэмтэн гэж та сонссон уу. Тэр бол ийм л хүн.
Олон жилийн өмнө болсон агаар нэгэн явдал санаанд орлоо. 2000 оны үед Японд доктор хамгаалсан гэх шавилхан залуу манай эрдэм шинжилгээний лабораторийг нэг хэсэг удирдаж байсан юм. Нэгэн өдөр ах дүү, найз нөхдөө цуглуулж докторын цайллагаа хийдэг юм байна. Японы шилдэг эрдэмтэн боллоо гээд нэг цом үзүүлээд л, бид түүнээр бахархаад л нэг тиймэрхүү найр болж билээ. Харамсалтай нь удаагүй дээ юун шилдэг эрдэмтэн, тэр байтугай докторын зэргээ хамгаалаа ч үгүй болох нь баригдаад манайхаас хөөгдсөн дуулдсан. Дараа нь ШУТИС-ийн профессорын багийн гишүүн энэ тэр гэж байгаад бас худлаа болох нь баригдан сураг тасарсан даа. Харин саяхнаас инноваци, өндөр технологи яриад бас л амьтны толгой эргүүлэн монголдоо CT, MRI хийж чадна гээд зарим телевизээр гарч байх юм. Горьгүй ээ.
Эцэст нь эрхэм шавьдаа зөвлөхөд мөнгө төлөөд янз бүрийн өргөмжлөл, сертификат авч болдогийг хүн бүхэн мэддэг болсон цаг шүү. Өөрийнхөө боломжийг хэтрүүлэн үнэлэх нь буруу хандлага төрүүлдэгийг санаж яваарай.
Ингээд бодохоор хүн хүний амьдрах арга өөр өөр байх юм даа.
Б.Болдоо
Сэтгэгдэл (2)