
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бус хурлаа зарлажээ. Уг хурлаар хэлэлцэх асуудал нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай асуудал байх гэнэ. Өнөөдөр тус бүлгийнхэн хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ "Өнөөдөртөө багтаж Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн барина. Хэрэв амжихгүй бол маргааш өглөө асуудлыг шийдэх байх" гэж хэлсэн.
ҮЗХ-ны өгсөн үүргийн дагуу УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүдтэй зөвшилцөлд хүрээд байгаа юм. АН-ын зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг "Намуудаас гарсан ажлын хэсгүүдтэй өнөөдөр дахин хуралдаж бүтэц бүрэлдэхүүний асуудлыг шийднэ" гэсэн. Бүлгийн ээлжит бус хурал зарласан нь намуудтай зөвшилцөж дууссантай холбоотой байж магадгүй юм. Хэрэв өнөөдөр Ерөнхий сайд бүтэц бүрэлдэхүүнээ Их хуралд өргөн баривал гурав хоногийн дотор хэлэлцэж батална. Одоогийн байдлаар Ардчилсан намын бүлгийн гишүүд эхнээсээ Төрийн ордоны "А" танхимд цуглаж эхэллээ.