Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр лицензтэй нэвтрүүлнэ

“Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын тогтоолоор батлахаар тогтлоо.

Ингэснээр Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалтад зөвхөн онцгой хорт бодис улсын хилээр лицензтэй нэвтрэхээр заасныг өөрчилж, “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам”-аар зөвшөөрөл авах шаардлагагүй бодисын жагсаалтад орсноос бусад химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр лицензтэйгээр нэвтрүүлж байхаар болж байна. 

Байгаль орчны багц хуулийн өөрчлөлтийн хүрээнд Хог хаягдлын тухай хуулиар аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглож, харин түүнийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэйгөөр экспортолж байхаар хуульчилсан. Иймд аюултай хог хаягдлыг Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалтад оруулж, лицензтэйгээр улсын хилээр гаргаж байх нь зүйтэй гэж үзсэн байна.

Байгалийн баялгийг зохистой ашиглах, хууль бус загас агнуурыг зогсоох зорилгоор загас агнуурын зориулалттай бүх төрлийн торны импортыг хяналттай болгох шаардлага байна.

Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан 17 зүйл нэн ховор амьтад, Засгийн газрын 07 дугаар тогтоолоор батлагдсан ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн амьтад, тэдгээрийн гаралтай түүхий эд, генетикийн мэдээлэл агуулсан эд эрхтэн, эс, цус, сийвэн зэргийг Улсын хилээр лицензтэйгээр нэвтрүүлэх барааны жагсаалтад оруулах шаардлагатай байна.

Хууль эрх зүйн зохицуулалтаар зохицуулагдаж буй бараа нэг бүрийг Гаалийн ерөнхий газартай хамтран уялдуулсан системийн кодод хамруулан Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт-д оруулахаар тогтлоо гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.