Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, проф. Н.Лүндэндорж тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад зочилж, тус улсын шүүхийн шинэчлэлийн явцтай танилцаж байна.

БНТУ-ын Шүүх, прокуроруудын дээд зөвлөлийн дэд ерөнхийлөгч Метин Яндырмаз, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж нар уулзалт хийж, зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай харилцан мэдээлэл хийв. Шүүхийн зөвлөлүүдийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, шүүхийн шинэчлэлийн талаарх туршлага судлах тухай ярилцаж байгаа юм.
Манай улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөгчид Туркийн Хууль зүйн академид зочилж, хоёр байгууллагын хооронд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд баримт бичигт жил бүр Монголын 40-өөс доошгүй шүүгчдийг Туркийн Хууль зүйн академийн сургалтанд хамруулах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны материал солилцох, техникийн туслалцаа үзүүлэх талаар тусгажээ. Уулзалт ярилцлагад Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэчимэг нар оролцлоо.