Өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Бага хурал хуралдана. Яах гэж гэдэг нь ойлгомжтой. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтран ажиллах саналыг хэлэлцэнэ. Гэхдээ өнгөрсөн өдрүүдэд сонин, сониролтой зүйл өрнөж, бас ч үгүй Ч.Сайханбилэг хамтрахаар санал тавьсан намуудынхаа дургүйг хүргээд авлаа. Учир нь тэрбээр Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж дөрвөн агентлагийн даргын томилгоог дур мэдэн хийв. ТЕГ-ын даргын хувьд бол Ерөнхий сайдын шууд мэдлийн хүн. Тиймээс Б.Хурцыг томилсон нь Ч.Сайханбилэгийн бүрэн эрх. Гэхдээ ЦЕГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Татварын Ерөнхий газрын дарга нарыг томилохдоо жаахан ухамсартай хандах хэрэгтэй байв. Ядаж л Засгийн газарт хамтран ажиллахаар санал хүргүүлсэн намуудтайгаа зөвшилцсөн бол шинэ Ерөнхий сайдын хувьд Н.Алтанхуягаас өчүүхэн ч гэсэн ялгарч харагдах байлаа. Гэхдээ тэр тэгсэнгүй. Харин ч Г.Уянга гишүүний хэлсэнчлэн “Нүүрээ угааж хувцасаа сольсон Алтанхуяг” байж таарлаа. Уг нь Татварын Ерөнхий газрын даргыг сонгон шалгаруулалтаар томилох учиртай. Ингэхээр Ч.Сайханбилэгийн шууд томилгоо хууль зөрчиж байгаа юм. Үүнийг МАН, МАХН, МҮАН, ИЗНН зүгээр нэг хараад суухгүй л болов уу. Нам тус бүр Ч.Сайханбилэгийг хөндлөнгөөс ажиглаж түүний цаашид хэрхэн ажиллахыг эхний ажил, эдгээр томилгоогоор нь дүгнэж нэгийг бодож, хоёрыг тунгааж суугаа. Гэхдээ л тэднийг Засгийн газарт хамтрах талаар ярилцаж байх хооронд Ч.Сайханбилэг хууль, шүүхийг гартаа авчихлаа. Тиймээс МАН-ынхан түүний энэхүү томилгоог тийм ч нааштайгаар хүлээн авахгүй байгаа сурагтай. Уг нь хоёр өдрийн өмнө хоёр намын бүлгээс гарсан ажлын хэсгүүд уулзаж “Эв нэгдлийн засгийн газар байгуулахад болохгүй зүйлгүй” хэмээн ярьж байсан. Гэхдээ өнөөдөр Ч.Сайханбилэгийн хийсэн томилгоотой холбоотойгоор асуудал 360 градус эргэж ч магадгүй байна. Өнөөдрийн хувьд МАН-ын Бага хурлын шийдвэр анхаарал татаж, чухлаар онцлогдож байгаа юм.
Ц.Жаргал