Cогтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шаардлагатай саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Хуулийн төсөл долоон бүлэг 36 зүйлтэй бөгөөд согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх, импортлох, экспортлох болон түүний хэрэглээнд хяналт тавих, согтууруулах ундааны хэрэглээнээс үүссэн сөрөг үр дагаврыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох юм. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр Засгийн газар олгож, татвар, стандартчилал, хэмжил зүй, онцгой байдал, мэргэжлийн хяналт, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө байгууллагын санал, эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн сунгаж, хүчингүй болгохоор тусгажээ. Мөн согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаа явуулах замаар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг СӨХ, татвар,  цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын санал, тэдгээрийн эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлтийг үндсэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга олгохоор төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар согтууруулах ундааны хэрэглээнээс үүссэн эрүүл мэнд, нийгэм эдийн засгийн сөрөг үр дагавар багасч, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээнд тавих хяналтын тогтолцоо боловсронгуй болно, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар олгосноор согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо буурч, тэдгээр тавих хяналт сайжирна гэж үзжээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.