Эдийн засгийн хямрал Үндэсний үйлдвэрлэлд нөлөөлж байна

Эдийн засгийн хямралын улмаас жижиг дунд аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орлоо хэмээн бизнеэс эрхлэгчид мэдээлэл хийлээ.

Дотоодынхоо гутлын зах зээлийн тодорхой хувийг хангах зорилгоор гутал үйлдвэрлэдэг “Өвсний навч", Тэлмэн зэрэг гутлын үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй эрхэлдэг хоршоодын эзэд хэвлэлд хандсан юм.

Сүүлийн хоёр жилд нүүрлэсэн эдийн засгийн хямрал бараа бүтээгдэхүүнийх нь борлуулалт, үйлдвэрлэлд шууд нөлөөлж эхэлжээ.

Энэ хугацаанд 60-70 хувиар борлуулалт нь муудаж, өдөрт борлуулдаг бүтээгдэхүүн нь 65орчим хувиар буурсан байна.  Тухайлбал, “Өвсний навч” хоршоо анх 2000 онд байгуулагдаж байжээ. Энэ хугацаанд торгон цэргийн ээтэн гутлыг үйлдвэрлэх болсон байна. Энэ нь тус хоршооны брэнд бүтээгдэхүүн юм. Одоогоор 8-10 хүнийг байнгын ажлын байраар ханган үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. 

Одоо үүсээд байгаа хамгийн гол асуудал нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж уриалдаг ч бодит байдалд дэмжихгүй байна. Иргэд дотоодын юм үнэтэй гэсэн шалтгаанаар  урдаас ирсэн бараа бүтээгдэхүүнийг илүү  худалдаж авч байна. Иргэдийн сонголт дотоодод үйлдвэрлэсэн биш хятадад үйлдвэрлэснийг шилж байхад үндэсний үйлдвэрлэгчид хөгжихгүй байх нь аргагүй  хэмээн тус хоршооны дарга С.Наранцогт хэлсэн юм.

Дотоодод үйлдвэрлэсэн гутал хятадынхыг бодвол эдэлгээ чанар хамаагүй сайн баталгаатай. Орос хромон гутал зах зээлд 600-700 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол тэдний хийсэн  хромон гутал 250 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Түүнчлэн өвлийн гуталнууд нь 100-200 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа ажээ. Тиймээс төрийн түшээд болон иргэдийг эх орондоо үйлдвэрлэсэн чанартай бараа бүтээгдэхүүн сонгохыг уриалсан юм.

Ингэснээр дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид хөл дээрээ баттай зогсч, эх орондоо улам илүүг хийх боломж бололцоотой болно гэлээ.

                                                                                                                                                                 Ц.Гэрэл

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.