АН тал засч МАН дүр эсгэсэн өдрүүд

Шинэ Засгийн газар байгуулах тухай хэлэлцэгдэж буй энэ өдрүүдэд өрнөж байгаа үйл явдлууд сонирхолтой болж эхэллээ. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсноор Засгийн газрын шинэ бүтцэд хамтрах тухай парламентад суудалтай нам, эвслийн бүлэгт санал хүргүүлсэн. Үүний дагуу парламентад суудалтай нам, эвслийн бүлгүүд хуралдаж, асуудлыг ярьж эхлээд байгаа. Одоогоор аль ч намын бүлгээс тодорхой хариу өгөөгүй байна. Гэхдээ МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл “МАН-аас гаргах шийдвэрийг харж байж хариугаа хэлнэ” гэдгээ илэрхийлсэн. Учир нь МАХН “Хэрэв МАН Засгийн газарт хамтран ажиллах тухай Ерөнхий сайдын саналыг хүлээн авбал 2012 онд АН-тай байгуулсан гэрээгээ дуусгавар болно” гэдгийг ч сануулж байгаа. Одоогийн улстөрийн нөхцөл байдлыг авч үзвэл АН-д МАХН тийм ч чухал биш байгаа бололтой. Харин АН МАН-д нэлээд итгэл хүлээлгэж байгаа нь сүүлийн өдрүүдийн үйл явдлаас тодорхой харагдах болов. Тэгэхээр Засгийн газрыг хамтран байгуулах энэхүү “тоглоом”-ын хоёр гол тоглогч АН, МАН байх нь тодорхой боллоо. АН ч аль хэдийнэ МАН-д тал засч, МАН ч дүр эсгэж эхэлсэн. Тухайлбал, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “МАН-ыг Засгийн газарт хамтарч ажиллана” байх гэсэн найдвар тээсэн үг хэлж, УИХ-ын дарга З.Энхболд Тусгаар тогтнолын 90 жилийн ойгоор МАН-ынхантай хамт Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн юм. Уг нь АН төрийн эрхийг барих болсноор Тусгаар тогтнолын өдрийг бүх нийтээр тэмдэглэхийг болиулж оронд нь Үндэсний бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон санагдана. Ийнхүү сонгуулиас хойш нэгнээ үздэггүй байсан улстөрийн хоёр том хүчин ойрын өдрүүдэд ийнхүү сугадалцан гүйх болсон нь эв нэгдлийн Засгийн газар байгуулагдах нь тодорхой болсныг харууллаа. Мөн хоёр намын бүлгээс томилогдсон ажлын хэсгүүд өчигдөр уулзаж асуудлаа ярилцсан. АН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг, МАН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагч Су.Батболд нар ажлын хэсгийн хүрээнд уулзаж ерөнхийдөө нэг зүйл дээр санал нэгдсэн гэв. Тэд Засгийн газраас цаашид нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах талаар яаж ажиллах вэ гэдэгт анхаарал хандуулж, төвлөрч ярилцсан бөгөөд "Энэ хүнд үед намын эрх ашгийг бус улс орны эрх ашгийг харж, хямралыг таван туулах чиглэлд нэг сэтгэлээр ажиллах нь зүйтэй” хэмээн үзжээ. Гэхдээ цаашид тодруулах зүйл бий гэдгийг хэлж байгаа. Ямартаа ч МАН-ын хувьд энэ асуудлыг нэлээд өргөн хүрээнд авч үзэж хэлэлцүүлж эхэлсэн. Тэдний хувьд эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар Засгийн газар, эрх баригчдын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээ анхаарлыг нь татаж байна. Асуудал нэгэнт тодорхой болсон. Харин одоо МАН-ын Бага хурлын шийдвэр л дутуу байна.    

                                                                                                                                                                       Ц.Жаргал

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.