М.Уранчимэг: Эмийн үйлдвэрлэлд тавигдах шаардлага ДЭМБ-ын төвшинд шинэчлэгдсэн

 Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М.Уранчимэгтэй Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын талаар ярилцлаа. 


- Төрөөс эмийн талаар баримтлах бодлого батлагдаад удаагүй байгаа. Энэхүү баримт бичгийн агуулга, зорилт нь юунд чиглэж байна вэ?

- Өнгөрсөн сард УИХ-ын 57 дугаар тогтоолоор Төрөөс эмийн талаар баримтлах бодлого батлагдсан. Энэхүү бодлого нь эмийн бүртгэл, чанарын хяналт, эм үйлдвэрлэлийн зохистой дадлыг бэрхжүүлж, хэрэглэгчийг эмчилгээний чанартай, аюулгүй эмээр хангах, хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм. Мөн хүн ам, эрүүл мэндийн байгууллага мал эмнэлгийг зайлшгүй шаардлагатай эмээр жигд хүртээмжтэй хангах, эм зүйн салбарын нээлттэй хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, эмийн зохицуулалтын цогц тогтолцоог бэхжүүлэх, эм зүйн салбарыг мэргэжсэн ур чадвар бүхий хүний нөөцөөр тогтвортой хангах зэрэг зорилтуудыг тусгаад байна. Зарчмын хувьд эмийн хангамж хүртээмж, аюулгүй чанартай тэгш байдал үр ашгийг чухалчилсан. Үүнээс гадна эмийг жортой олгох, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шударга ил тод, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх, судалгааг шинжилгээнд тулгуурлаж эмийн бодлогыг цаашид хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна.

- Эмийн чанар, аюулгүй байдалд хэрхэн анхаарахаар тусгав?

- Эмийн чанар, аюулгүй байдлын тухайд үйлдвэрлэгч буюу экспортлогч тал нь эмнийхээ чанарыг өөрсдөө хариуцана. Үйлдвэрлэгч нь чанарын шаардлага хангасан эмийг холбогдох газар бүртгүүлсний дараа Монгол улсад импортлоно. Эмийн чанарыг тухайн импортлогч болон экспортлогч хоёр тал гэрээ хийж хариуцан ажиллана. Нөгөөтэйгүүр эмийн сан болон эм ханган нийлүүлэх төв эмийнхээ чанарыг өөрсдөө хариуцана. Үүнд нь төрийн болон мэргэжлийн хяналтын байгууллагууд хөндлөгийн хяналт тавьж, тухайн эмний чанарыг дээж авч шинжлэн шалгах юм. Энэхүү хөндлөгийн хяналтыг эрсдэл өндөртэй байгууллага, эм ханган нийлүүлэх төвөөс үе үе авч байна. Мөн бүртгэгдсэн эмний зах зээлийн талаарх тандалт судалгааг хийнэ. Эмийн чанар, аюулгүй байдлын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цахим жорыг хэрэгжүүлнэ. Энэ нь өвчтөн эмчид үзүүллээ гэхэд өвчтөний нэр, хаяг, өвчний онош, уух эмийн жорыг цахим  хэлбэрээр оруулах юм. Ингэснээр өвчтөн эмийн санд очихдоо цахим жорыг уншуулж үйлчлүүлэх боломжтой болно. Хэрэв эм, эмийн сантай холбоотой чанар, аюулгүй байдлын асуудал хөндөгдвөл цахим жор нэг ёсондоо нотолгоо болж өгөх юм. Хэрэв эмчид үзүүлж цахим жор аваагүй бол эмийн сан эм олгохгүй.

- Эмийн зохистой хэрэглээг яаж хангаж ажиллах вэ?

- Эмийн чанар, аюулгүй байдлыг хангадаг стратеги баталсан. Энэ нь эмийн талаар ямар нэгэн гаж нөлөө гарвал иргэд, эм ханган нийлүүлэх байгууллага зах зээлийн талаарх тандалт судалгаагаа хийж мэдээлдэг болох зарчим юм. Ингэх нь эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд их ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр иргэдийн мэдлэг, мэдээллийг сайжруулах хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн болон төрийн бус байгууллагуудаар дамжуулж сургалт, сурчилгаа явуулах ажлыг хийж байгаа. Цаашдаа ч эрчимжүүлнэ.

- Мэргэжлийн хяналтаас хийсэн шалгалтад эм, эмийн үйлдвэрүүд олноороо бүдэрч байна. Энэ юунаас болоод байна вэ?

- Эмийн үйлдвэрүүдийн өөрсдийнх нь идэвх санаачлагаас хамаарч байна. Бид өмнөх жилүүдэд удаа дараа эмийн үйлдвэрүүдэд “Эмээ бүртгүүл” гэдэг асуудлыг тавьж байсан. Мэргэжлийн хяналтын шалгалтад бүдэрч байгаа нь эмийн үйлдвэрлэлд тавигдах ерөнхий шаардлага 55242014 стандарт шинэчлэгдсэнтэй холбоотой. ДЭМБ-ын төвшинд дахин шинэчлэгдсэн. Өмнө нь манайх ДЭМБ-ын зөвлөмжийг монголын хөрсөнд буулгаж стандарт боловсруулсан. ДЭМБ-ын зөвлөхүүд ирж ажиллаж байгаа. Тэдний хэлж байгаагаар “Стандартаа өндөр төвшинд ДЭМБ-ын удирдамжийн хэмжээнд болго” гэсний дагуу өндөр шалгууртай болсон.

- Элэгний С вирусын эм орж ирэх асуудал юу болсон бэ?

- Америкийн эм, хүнсний зохицуулалтын агентлагаас олгодог гэрчилгээнийх нь нэр зөрүүтэй байсан. Хоёрдугаарт бүртгүүлэх гэж байгаа эмийн дээж нь ирээгүй. Үүнийг бид хурлаар хэлэлцээд дараагийн хурлаар шийдэхээр хойшлуулсан. Бүртгүүлэх гэж буй үйлдвэрлэгч талаас зохих эрх бүхий мэргэжлийн хүмүүс нь ирээд “Манай зарим нэг материал зөрүүтэй байгаа юм байна. Тиймээ бид материалаа татаж авъя” гэсэн. Шаардлага хангахуйц материал ирвэл бид хурлаар оруулаад бүртгэхэд бэлэн байна. Манай иргэдийн дунд энэ эмний талаар буруу ойлголт яваад байна. Дангаар нь хэрэглээд элэгний с вирус устчих юм шиг ойлгоод байна. Энэ Sovaldi (софосбувир) гэдэг эмийг одоогийн элэгний с вирусын идэвхижлийн эсрэг эмчилгээнд хэрэглэж буй хоёр эмтэй хавсарч хэрэглэснээр үр дүн 90 гаруй хувьтай байна гэсэн судалгаа гарсан. 

                                                                                                                                                          Ц.Жаргал

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.