Д.Сүхбаатарын зээнцэр Ц.Хүрэлсүхтэй хийсэн ярилцлагаа Тусгаар тогтнолын 90 жилийн ойг тохиолдуулан уншигч та бүхэнд хүргэж байна. Тэрбээр цэргийн алба хааж байхдаа жанжин Д.Сүхбаатарын эх Ханд, түүний хүү С.Галсангийн хамт энэхүү зургийг даруулж байжээ.
- Таныг Д.Сүхбаатар жанжины эхийн талын дөрөв дэх үеийн хүн гэж сонссон юм байна. Та Д.Сүхбаатар жанжины талаар хэр их зүйл мэдэх вэ. Энэ талаар эцэг, эх тань ярьдаг байв уу?
- Би их жанжин Д.Сүхбаатарын зээнцэр гэж явдаг хүн. Цагаан дээлт Дамдины эхнэр Хандын эгчээс миний ээжийн ээж мэндэлсэн. Би дөрөв дэх үеийнх нь хүн. Цагаан дээлт Дамдин, эхнэр Хандынхаа хамт хуучнаар Цэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуунаас гарахдаа Дорноговь аймгийн Боржин цэцэн вангийн хошууны хойд талаар Ханхэнтий аймгийг дайрч Богдын хүрээнд ирж байсан гэдэг. Ингэхдээ Цагаан дээлт Дамдинынх Амгаланбаатар хот, Консулын дэнж, Тавын халуун усны баруун хойно ирж байсан түүхтэй. Манай өвөө /Д.Сүхбаатар/ Амгаланбаатар хотод мэндэлсэн. Гэрийнх нь буйран дээр гэрэлт хөшөө босгосон юм. Уг хөшөөг 2011, 2012 онд цогцолбор болгож, дахин сэргээсэн. Цагаан дээлт Дамдиных гурван хүү, хоёр охинтой айл байсан гэдэг. Өвөө маань хар багаасаа эцэг, эхтэйгээ ядуу өссөн учраас эцэг, эхдээ тусалж байгаад Консулын дэнжийн орос хүүхдүүдтэй танилцаж, хэл сурсан гэдэг юм. Суут хүн гэдэг анхнаасаа суут төрдөг. Тэгээд 10 гаруй насандаа Богдын цэрэгт орж Богдын цэргийн сумангийн даргаас гарамгай жанжин болох эхлэлээ тавьж байсан түүхтэй. Монголын ард түмний тусын тулд богино хугацаанд их зүйл бүтээсэн хүн. Байлдаанд олон удаа орж байсан. Судлаачдын үзэж буйгаар 160 гаруй удаагийн тулаанд орж, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амь, бие хайргүй зүтгэж явсан. Ингэхдээ дотоодын феодалиуд, Гамин, Барон Унгерны үлдэгдэл, гадаадын баян худалдаачдыг өөрийн нутгаас хөөн гаргах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан. Иймээс Д.Сүхбаатарын үйл хэргийг мартах ёсгүй. Жанжины эцгийн талын ах дүүс мөн л Монгол Улсын төлөө зүтгэж явсан хүмүүс бий. Д.Сүхбаатарын эцэг талын хүмүүс болох Ээлт, Элбэг нар Манжийн дарлалаас Монгол Улсыг чөлөөлөх үйл хэрэгт зүтгэж явсан түүхэн гавьяатай. Манжийн хааны татварыг төлөхгүй гэж бослого хүртэл өдөөж байсан гэдэг. Удмаараа төрийн төлөө зүтгэсэн хүмүүс байв. Их жанжин Д.Сүхбаатар түүний гэргий Янжмаа Цэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хүрлүүд овгийн хүн байсан. Мөн хувьсгалын үйл хэрэгт Д.Сүхбаатартай хамт зүтгэж байсан. Хиагт руу мэдээ хүргэж, Орос-Монгол цэргүүдийн хувцас оёх янз бүрийн ажилд оролцсон.
-Та Д.Сүхбаатар жанжины хүүгийн талаар яриач. Та хэр ойр дотно байсан бэ?
Д.Сүхбаатарын хүү С.Галсан 1939, 1945 оны байлдаан, баруун замын тулгаралтад зэрэг гурван дайнд оролцсон. Батлан хамгаалах яаманд 50 гаруй жил ажилласан хүн. Би бага залуу байхдаа удам судраа нарийн мэддэггүй байв. Манай нагац ах нар С.Галсан ахын очно гээд л явдаг байсан. Түүнээс би мэддэггүй байлаа. Манай ах нар энэ талаар надад хэлдэггүй байсан юм. Сүүлд 1957 онд цэрэгт явах үеэрээ мэдсэн. Энэ цагаас С.Галсан ахынд очдог болсон. Би армид 30 гаруй жил ажилласан цэргийн хүн. ЗХУ-д Цэргийн академи төгссөн. Хүний ганц хүү. Одоо есөн хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болоод явж байна. Миний эмээ /ээжийн ээж/ Шүхэрийн долоон хүүхний хоёр дахь охиноос мэндэлсэн Уужинцэрэн гэдэг хүн байсан. Уужинцэрэнгээс миний эх Намжилсүрэн гарсан. Намжилсүрэнгээс ганц хүү мэндэлсэн нь би юм. Монголын ард түмний суут хүү, гарамгай жанжин Д.Сүхбаатарын үр сад болж, төрөлд нь багтсандаа бахархаж явдаг. Би дөрвөн хүү, таван охинтой хүн. Миний хөвгүүд бүгдээрээ цэргийн алба хааж, цэргийн хүмүүс болсон. Одоо ач хүү маань Цэргийн их сургуулийг төгссөн. Үе үеэрээ цэргийн сургууль төгссөнд бахархалтай байдаг юм. Намайг ЗХУ-д сурч байхад Зөвлөлтийн “Улаан Од” сонинд Д.Сүхбаатарын зээ хүү гэж бичсэн байсан тухай С.Галсан ах надад хэлж билээ. Ийм л сайхан түүхтэй.
- Тухайн үеийн түүхийн зарим хэсгийг гуйвуулсан тухай ярих нь бий. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?
- Түүх хэзээ ч бүдгэрэхгүй. Түүхийг хэн ч гуйвуулж чадахгүй. 1990-ээд оноос Д.Сүхбаатар жанжины үйл хэрэг, гарал үүслийг үгүйсгэж эхэлсэн. Өнөөдөр Цагаан дээлт Дамдин, түүний гэргий Хандын хамаатан садан нийлсэн 300, 400-аад хүн бий. Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмнийхээ төлөө зүтгэж явсан Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарыг ямар ч монгол хүн муулах үндэсгүй. Тэдний бүтээсэн Ардын хувьсгалын үндэс суурин дээр ардчилал гарч ирсэн. Ард түмнийг үймүүлж, түүхээ мэддэггүй ардчилал оршин тогтновол Монгол улс мөхнө. Одоогийн засаг төр хэтэрхий улстөржиж, засгийн эрхэнд баян хүмүүс гарч байна. Тухайн үед Д.Сүхбаатар юутай байв гэхээр Намын төв хорооноос өгсөн хашаа байшинтай байсан. Түүнийгээ Орос улсад айлчилахадаа зарсан учраас түүний эхнэр Янжмаа долоон настай хүүтэйгээ айлын пэнд үлдсэн гэж ярьдаг юм. Тухайн үед Д.Сүхбаатар ядуу байж. Түүнийг зөвхөн эх оронч үзэл нь л хөтөлдөг байсан байх. Тиймээс МАН-аас Д.Сүхбаатар жанжины дурсгалыг мөнжүүлэх талаар их зүйл хийсэн, хийж ч байна. Тэрбээр Консулын дэнжээс эхлэн Хужирлангийн цэрэг, Богдын цэрэг, Ардын журамт цэрэг, нууц бүлгэм байгуулж байсан. Хатанбаатар Д.Магсаржав, Х.Чойбалсан, Манлайбаатар Ж.Дамдинсүрэн, Пунцаг нар дөрвөн хороо байгуулж Ховд, Увс баруун хязгаар, Богдын хүрээ, түүнээс зүүн урагшаа чөлөөлж байсан. Тиймээс Д.Сүхбаатарыг түүхэн гавьяаг мартаж үл болно. Хөшөөг нь талбайгаас гаргана гэдэг зүйлийг яриад байж болохгүй.
-Ярилцсанд баярлалаа.
Ц.Жаргалцэцэг
Сэтгэгдэл (1)