Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тавьсан Засгийн газарт хамтарч ажиллах саналын талаар МАН-ын дэргэдэх Зөвлөхүүдийн танхимын гишүүд өнөөдөр хэлэлцсэн юм. Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболдоос байр суурийг нь сонирхлоо.
- Ерөнхий сайдын тавьсан саналын талаар хэлэлцэж байна. Одоогоор уг хурлаас ямар нэгэн чиглэл гарав уу?
-Намын дэргэдэх Зөвлөхүүдийн танхимын гишүүд хуралдаж байна. Өнөөдрийн хурлаар АН болон Ерөнхий сайдаас тавьсан Засгийн газарт хамтарч ажиллах тухай саналын талаар Зөвлөхүүдийн танхимын гишүүдийн саналыг сонсч байна.
Энэ бол эцсийн шийдвэр гаргадаг байгууллага биш. Үүссэн нөхцөл байдлын талаар үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор улс орныг удирдаж, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн явсан хүмүүсийн санал бодлыг зайлшгүй сонсох ёстой гэж үзсэн учраас энэ хурлыг хийж байна.
Ирэх баасан гарагт хуралдах МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдын тавьсан саналыг эцэслэн шийдвэрлэнэ. Тиймээс одоогоор тодорхой хариу, байр суурь илэрхийлэх боломжгүй. Намын дүрэмд ч тэгж заасан байдаг.
Олон түмэн ямар бодол, санаатай байна вэ гэдгийг мэдэх судалгааг хөдөө орон нутаг, нийслэлд өчигдрөөс явуулж эхэлсэн.
- Засгийн газарт хамтарч ажиллах талаар Зөвлөхүүдийн танхимын гишүүд ямар хандлагатай байна вэ?
-Өнгөрсөн хоёр жилийн үйл явц, улс орны эдийн засгийн нөхцөл байдал гээд аль аль талыг нь харж үзэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна.
-Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Бага хурлаар эцсийн шийд гарах учраас намын дарга байр сууриа түрүүлж илэрхийлэх нь зохимжгүй гэж бодож байна.
Ц.Жаргал