Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Тэтгэврийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг 16-19 насны 500 орчим хүүхэд байдаг байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулинд зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгчийн асрамжинд байсан 0-16 хүртэлх насны хүүхэд болон сургуульд суралцаж буй бол 19 нас хүртэлх насны хүүхэд авах эрхтэй. Гэтэл хүүхэд бүтэн өнчин болсон тохиолдолд нас барсан нэг даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос тэжээгчээ алдсаны тэтгэврийг тооцон олгож байгаагаас тухайн хүүхдийн тэтгэврийг бодитой тогтоохгүй байгаа аж. Иймд эцэг, эхийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг нэгтгэсэн дүнгээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг бодож тогтоох шаардлагатай байгаа юм. Мөн жирэмсний болон амаржсаны тэтгэмж авахдаа эмнэлгийн хуудас авснаас хойш хүндэтгэх шалтгаантай бол зургаан долоо хоногийн дотор өргөдөл гаргах, хуульд заасан холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгөхөөр байдаг. Гэтэл зарим тохиолдолд амаржсан эх гэр бүлийн болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хуулийн хугацаанд холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн өгөх боломжгүй байх тохиолдол байдаг тул дээрх хугацааг 6 сарын дотор болгон өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгаад байна. Харин намын бүлгийн хуралдаанаар цаатан иргэдтэй холбоотой асуудлыг дахин ярилцаж, нухацтай, нарийвчлан боловсруулах шаардлагатай хэмээн үзсэн тул уг асуудлыг хойшлуулахаар болов.
Түүнчлэн “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлд “Тэтгэвэр тогтоолгон авч байгаа боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас 1.5 хувиар тооцож, одоо авч буй тэтгэвэрт нь нэмж олгох тухай” заалтыг нэмж тусгажээ. Өмнөх оны эцсийн байдлаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас 5,8 мянга орчим тэтгэвэр авагч тахир дутуугийн тэтгэвэр авчээ. Эдгээр тэтгэвэр авагчдын зарим нь ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэлийг үргэлжлүүлэн төлдөг ч төлсөн шимтгэлтэй нь уялдуулан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоох зохицуулалт одоогийн мөрдөж буй хуульд байхгүйгээс санал, гомдол ихээр гарч ирж байгаа аж. Ийнхүү гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан төсөл санаачлагчаас асуулт асууж хариулт авав. Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.
Ц.Цэц